Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
04 сарын 25, 2025
Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийн 3 дахь үе шат амжилттай хэрэгжсээр байна. “Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол” ТББ-ынхан энэ удаагийн элсэлтэд нийт 120 сургуулийг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сард төслийн багийнхан 14 хоногийн хугацаанд эдгээр сургуулийн орчин нөхцөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаад иржээ. Тэдний томилолтын үр дүн, хөтөлбөрийн явцын талаар Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” ТББ-ын чиглүүлэгч багш Б.Өнөржаргалтай ярилцлаа.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
-Орон нутагт хийсэн томилолтын үеэр төслийн ачаар сургуулиудад гарсан нийтлэг өөрчлөлт юу байсан бэ?
-Бид боловсролын салбартаа хувь нэмэр оруулах зорилгоор нэгэнт үр дүн гарчихсан 20 жилийн туршлагатай “Шинэ Монгол” сургуулийн менежментийн арга зүйг улсын ЕБС-иудад хуваалцаж, нэвтрүүлэхийг зорьж байна.
Төслийн 3 дахь үе шат эхлээд хагас жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн ч чиглүүлэгч багш нартайгаа байнгын холбоотой байна. Анзаарахад цахим хичээлдээ идэвхтэй оролцдог сургуулиудын сургалтын орчин нөхцөл сайжирч, тав тухай орчныг бүрдүүлж чаджээ. Удирдлагууд төдийгүй багш нар ажлаа эмх цэгцтэй төлөвлөж, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга барилаа аль хэдийнээ олчихсон байгааг хараад олзуурхаж явлаа. Хэд хэдэн сургуулийн захирал, менежерүүд төслийн үр дүнд багш нарын ачаалал буурсан талаар онцлон хэлж байв.
Эхэндээ төслийнхөө талаар мэдээлэл дутмаг, юу хийхээ мэдэхгүй будилах үе байснаа ч нуугаагүй.
Манай орон нутгийн томилолтын “Б” баг нийт 20 сургуульд ажилласнаас ихэнх нь буюу 80 гаруй хувьд нь өөрчлөлт гарчихсан байна лээ. Бидний хувьд сэтгэл өндөр байгаа. Гэхдээ төсөл дуусахад ахиад хэдэн сарын хугацаа бий шүү дээ.
-Ямар сургуулиуд төслийг амжилттай хэрэгжүүлж чадаад байна вэ?
-Байгууллагаараа нэгдсэн ойлголттой болчихсон, сургуулиа өөрчилье гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй хамт олон богино хугацаанд өөрчлөгдөж, шинэчлэгддэг юм байна.
Үүн дээр зангидсан гар шиг ажиллаж чаддаг удирдлагын багийн, захирлын нөлөө асар их юм билээ.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Өөрчлөгдсөн сургуулийн үүдээр ороход л андашгүй. Багш нар нь урам зоригтой, сурагчдынх нь харц нь өөдөө, сургуулийн ажлууд нь цэгцэрчихсэн байдаг. Нийтээрээ нэг ойлголттой болж, нэг зүйлд зорьж байж хөтөлбөр амжилттай хэрэгжинэ.
БАГШ БҮР ХУВИЙН МЕНЕЖМЕНТЭЭ САЙЖРУУЛСНААР СУРГУУЛЬД, ХҮҮХДЭД ЭЕРЭГ ҮР ДҮНГ АВЧИРНА
-Багш нар ажилдаа болон өөрт гарсан өөрчлөлтийнхөө талаар хэрхэн хуваалцаж байв?
-Анги даагаагүй, сул цаг ихтэй багш нар “Ажил нэмэгдэж байна” гэх байдлаар харах нь бий. Анх шинэ төсөл хэрэгжүүлнэ гэхэд л төвөгшөөх байдалтай хүлээн авч байлаа. “ЕБС-иудад жил бүр л болсон болоогүй олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Тэдний нэг л байх гэж бодсон” гэж Дархан-Уул аймгийн нэг багш ярьж байсан. Харин өөрт нь ч, сургуульд, сурагчдад нь тодорхой хэмжээнд өөрчлөлт мэдрэгдээд эхлэхээр шал өөрөөр хараад зогсохгүй хамгийн идэвхтэй нь болж байгаа талаар захирлууд хэлдэг юм. Багш нарын маань ачаалал буурч, чөлөөт цагаараа хөгжих, гэр бүлдээ зарцуулах цагтай болсонд баяртай байгаагаа хуваалцсан. Энэ бүхэн үеийн багаар хамтран ажиллаж, нэгнийхээ ачааллыг хуваалцсаны ач юм шүү дээ.
Ач холбогдлоо ойлгочихсон багш нар маань “Энэ төсөл бидэнд хэрэгтэй юм байна, зөв зохион байгуулалттай, хамтарч ажиллаж чадвал үр дүнд хүрэх юм байна” гэдгээ мэддэг. Ингэхээр аяндаа үйлдэл хийгээд эхэлдэг юм.
Бид турших гэж биш туршигдсан, үр дүн нь хэдийнэ гарчихсан арга барил, менежментийг л сургуулиудад хуваалцдаг
-Төслийн эхний шатанд 8, хоёр дахь шатанд 60 сургууль хамрагдаж байсан бол энэ хичээлийн улиралд 120 сургуулийг сонгон шалгаруулжээ. Хамруулж буй сургуулийн тооноос хөтөлбөрийн эрэлт хэрэгцээг харж болохоор байна?
-Зөвлөн туслагчийн хувьд “Сургуулиа сайжруулах ямар сайн арга, туршлага байна, тэр бүгдийг та бүхэн шанаганыхаа хэрээр хутгаад аваарай” гэдгийг л байнга хэлдэг. Бид тулган шаардахгүйгээр тухайн сургуулийн онцлогт нь тохирсон шийдлийг санал болгож, хамтран хэрэгжүүлдэг. Ерөнхий арга барилыг бус туршигдаж нотлогдсон арга зүйгээр алхамчлан дагуулан сургадаг. Эцсийн эцэст эдгээр сургуулиуд “хожих” нь л чухал шүү дээ.
Төслийн эхэн үедээ “Шинэ Монгол” сургуульд түшиглэж, багш нарын практик туршлагыг хуваалцан, агуулгаа хүргэдэг байсан. Харин одоо өмнө нь хамрагдаж байсан сургуулийн маань төлөөлөл болох удирдлага, багш нар бодит туршлагаа бусад сургуулиуддаа хуваалцаж байна. Энэ туршлагаасаа дүгнэхэд сайн туршлага, сургамжаа хуваалцах олон сургуулиуд төрөн гарчээ. Цаашид энэ хөтөлбөр маань олон сургуульд хөтөч болж, үр дүнтэй хэрэгжих боломжтой нь харагдаж байна.
-Таны хувьд эхний шатанд хамрагдсан 8 сургуулийн захирлын нэг шүү дээ. Чиглүүлэгч багшаар ажиллаад ирэхээр ЕБС-ийн захирал, менежерүүдийн төдийлөн анзаардаггүй алдаа дутагдал одоо анзаарагдаж байна уу?
-Багш нарын ажил барагдах биш. Үндсэн ажлаа хийнэ, янз бүрийн сургалт семинараас гадна бичиг цаасны ажил гээд мундахгүй. Сургуулийн захирлууд ч ялгаагүй. Сангийн хоолой, хичээлийн сандал ширээ, анги танхимаас эхлээд оролцохгүй ажил гэж үгүй. Бүгдийг нь бүрэн бүтэн байлгах гээд хичээнэ. Овоорсон ажилдаа дарагдаад бухимдах үе ч нэлээд гардаг байлаа..
Сургуулийн менежментийг сайжруулна гэдэг нь захирал, сургалтын менежер эрхлэгч нарын л хийх ажил биш юм. Хамт олон нэгдсэн үнэт зүйлтэй, алсын хараатай, хоорондоо харилцан уялдаатай ажилласны үр дүнд сургууль өөрчлөгдөж, сайжирдаг.
Энэ хөтөлбөр зааж байгаа хичээл, багш нарын өгсөн зөвлөгөөнүүд цоо шинэ зүйл биш. Харин бидний өмнө хийж үзээд алдсан, нэг л учраа олохгүй орхисон зүйлсийг цэгцтэйгээр үр дүнд тулгуурлаж хийлгэх боломж гэж харах хэрэгтэй.
Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын захирлуудын сэтгэгдлээс...
Дундговь аймгийн Баянжаргалан сумын ЕБС-ийн захирал С.Цэрэнянжин: Ойлголтоо нэгтгэсэн цагт л ажлууд цэгцэрч, багш ажилчдын ачаалал буурдаг юм байна
Нийгмийн ажилтан үндсэн ажлаа хийх гэж байхад захирлын хувьд үүнийг хий гээд ажил даалгана. Гэтэл менежер зэрэгцээд ажил даалгачихдаг үе гардаг шүү дээ. Ийм үед тэр ажилтан 3 ажлыг нэгэн зэрэг амжуулах гээд аль нэг нь цалгардаж, удааширдаг. Энэ мэтээр заримдаа цагийг нь тулгадаг асуудал манайд төдийгүй бусад сургуульд ч гардаг байх. Харин “Сургуулийн менежментийг сайжруулах төсөл”-ийн чиглүүлэгч багш нарынхаа зөвлөсний дагуу өдөр тутам, сар тутмын ажлаа төлөвлөж эхэлснээр ажлууд “мөргөлдөхгүй” илүү эмх цэгцтэй болсон.
Багш нар төсөлд хамрагдсанаас хойш багаар хамтран ажиллаж, өөрсдийнх нь ажлын ачаалал буурч, төвөггүй хийдэг болсон гэдгээ хэлдэг болсон. “Өнөөдөр чинь ямар их ажил амжуулчхав аа! Өмнө нь ганцаараа ажлаа амжуулж чадахгүй, хий дэмий л сэтгэл зовоод л, урагшгүй явдаг байжээ” гэх нь ч бий. Манай биеийн тамирын багш тэмцээн уралдаан зохион байгууллаа гэхэд өмнө нь бүх ажлаа өөрөө амжуулах гэж яарч адгасан хүн л гүйж явдаг байв. Харин одоо биеийн тамирын багштай нэг баг болсон багш нар бүгд хамтран ажиллаж, ачааллаа тэнцвэржүүлдэг.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн захирал Б.Саранцэцэг: Яагаад сумын сургуулиас дэлхийд нэрээ дуурсгасан шавь төрж болохгүй гэж…
Яагаад сумын сургуулиас дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн төрж болохгүй гэж, яагаад хотын сургуулиас дутах ёстой гэж, нэгэнт туршсан менежментийг хэрэгжүүлье гэж Шинэ Монгол сургуулийн төслийн багт анх хандсан. Төсөлд хамрагдахаас өмнө их л додигор байв. Манай сургууль салбарынхаа үйл ажиллагааны үнэлгээгээр аймгийнхаа 31 сургуулиас эхний таван байраас бууж үзээгүй. Тийм учраас өөрсдийгөө болж байна л гэж эндүүрч явжээ. Төсөлдөө хамрагдсаны дараа захирлын ажлыг улам сайн мэддэг гэж бодож явсан бардам зан шалан дээр унасан, менежментийн хувьд шал түүхий байжээ.
Асуудал руугаа орж, оношилсон. Улам ч ихийг сурах ёстойгоо хамт олноороо ойлгоод эхнээсээ өөрчлөлт гаргаад эхэлсэн.
Холоос манай сургуулийг сэтгэл гарган зорин ирж сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлье. Бид маш их урам авлаа. Улам хичээнэ ээ.
Нийслэлийн ЕБ-ын 60 дугаар сургуулийн захирал Д.Ариунаа: Хөрөнгө мөнгө зарахгүйгээр том өөрчлөлт хийж болдгийг мэдэрч байна
Төслийн ачаар сургуулийн ажлыг үр дүнтэй хийх нарийн чимхлүүр аргуудыг сурсаар байна. Сургалтаас мэдэж сурсан зүйлээ өөрийн сургуулийн нөхцөлд, хөрсөн дээр нь буулгаж ажиллахыг эрмэлзэж байна. Жишээлбэл, Шинэ Монгол сургуулийн “Яг цагтаа” гэсэн урианаас сэдэл авч манай сургуулийн хамт олон “Яг цагтаа, бүгд цугтаа, бүхнийг хамтдаа” гэсэн уриатайгаар 7 жилийн турш ажиллаж байна.
Хүүхдүүдээ зөв дадал хэвшилд сургахын тулд хүч хөдөлмөр, их хөрөнгө мөнгө зарах хэрэггүй юм билээ. Үүнийг маш энгийн жижиг зүйлээс ч эхэлж болох юм гэдгийг ойлгосон.
Жишээ нь, сурагчдын хичээлээс хоцролтыг багасгахын тулд үүдэндээ улаан шугам татчихсан. Үр дүнд нь хүүхдүүд цагтаа ирж дадаж байна. Энэ хэрээр багш нар төдийгүй сурагчид ч өөрчлөгддөг юм байна. Яаж вэ гэж үү, жишээ нь манай сургуулийнхан цагийн юмыг цагт нь хийдэг болсон. Жижиг дадлаар том өөрчлөлтийг авчрах арга барилыг төслийн багаасаа сурч байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.