"Шулам бурхан"-аас Жангар хүртэл...

Хүдэрчулууны Хулан
12 сарын 18, 2025


Peak.mn сайт “Амьдралын түүх” булан бүтээлч сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөрөөрөө тодорч яваа хүмүүсийг онцолдог билээ. Энэ удаа бид хувцас загвар, технологи, сэтгэл зүй, уран бүтээл гээд амьдралын олон талбарт мөрөө үлдээж буй зохиолч, сэтгэл зүйч, багш Мэндбаярын Дэлгэрцэцэгтэй уншигч таныг уулзуулж байна. Тэрбээр “Эхлэл” брэнд, “Мэдрэмж” академи, "Сараюуй"  группийн үүсгэн байгуулагч юм. 



"Орчин үеийн" Жангар 102 ангит  3D анимэйшнд “амилна”


-Таныг нэгэн сонирхолтой төсөл эхлүүлсэн гэж сонслоо. “Жангар” туулиар 102 ангит анимэйшн бүтээж байгаа гэж. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье?

-Технологи хөгжихийн хэрээр 3D анимэйшн кино хүүхдүүдэд маш их нөлөө үзүүлж байна л даа. Эртний бумбын орны хамгаалагч, монголын аман зохиолын баатарлаг гурван зохиолын нэг Жангарын туулиас санаа аваад орчин үеийн хүүхдүүдэд эх орноо хамгаалах үнэ цэнийг ойлгуулахыг хүссэн. Зохиол маань хоёр шугамд зэрэгцсэн үйл явдалтай. Эртний бумбын орны хамгаалагч баатар нь Жангар, харин орчин үеийн хамгаалагч баатар нь эх оронч хүү Лео.  


Бичлэг үзэх:

 


-Яагаад чухам Жангарыг сонгосон нь сонирхолтой байна?

-Жангарын дүр бол монголын ард түмний туулж явсан тэр ороо бусгаа цаг үед “Жинхэнэ эх оронч баатар гарч ирээсэй” гэсэн хүсэл зоригоос үүссэн. Үүнээс санаа авч, тэрхүү үзэл санаа, үнэт зүйлийг орчин үеийн хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн юм. Бас би дэлхийн хүмүүст монгол хүний үнэ цэнийг өсгөсөн бодитой үйл хэрэг хийхийг хүсэж байна. Нэг хэсэг нь энэхүү 102 ангитай 3D анимэйшн кино зохиол байх болно. 


-102 ангит анимэйшн гэдэг бол маш том хэмжээний ажил шүү дээ. Ийм ажлыг бүтээе, бий болгоё гээд зориг шулуудах тэр гол шалтгаан нь юу байсан юм бол?

-Энэ нь миний нэг мөрөөдөл юм. Хүүхдүүдэд сэтгэл зүйн эерэг нөлөө үзүүлэх юм сан, үзэж харж байгаа нь зөв зүйл байгаасай, тэр тусмаа үндэсний хэв шинж агуулсан байгаасай, эх оронч үзэл багаас нь төлөвшөөсэй гэж би хүсдэг. Үүн дээр нэмээд түлхэц болсон нэг үйл явдал бий. Манай гэр бүлийнхний нэг гоё мөрөөдөл байдаг нь дэлхийгээр аялах.  Нэг өдөр бага хүү маань над дээр ирээд, “Ээж ээ, дэлхийгээр аялахаа больчихсон шүү” гэж хэллээ.  “Яагаад?” гэтэл, “Хүүхдүүдийг алдаг робот гарсан, тэр дэлхийгээр явж байгаа тухай Youtube, Tik Tok-оор гарч байна. Агаа бид хоёр тэгээд явахаа больчихлоо” гэсэн. 


Хүүхдүүдийн бодит ертөнц сошиалын худал хуурмагт өртөж байгааг би эндээс мэдэрсэн. Энэ нь миний сэтгэлийг зовоох шалтгаан болсон юм. Тэгээд би хүүдээ амласан, “Ээж нь жинхэнэ хамгаалагч, хүүхдүүдийг алдаг биш авардаг баатрыг бүтээж өгнө өө” гэж. Ээж, аав нар үр хүүхдэдээ хэлсэндээ хүрдэг байх ёстой. 


Миний бие сэтгэлзүйчийнхээ хувиар  ажиллаж байх явцдаа хүмүүсийн сэтгэлзүйд учирсан хүндрэлийн шалтгаануудыг судалдаг. Хүүхэд өөрийг нь ээж, аав нь хамгаалж байгаа гэж бодохоороо хүч чадалтай, өөртөө итгэлтэй байдаг юм байна. Тэгээд ирээдүйд сайн сайхан болох юм байна гэдэг тийм хүсэл тэмүүлэлтэй болдог. Хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий болсноор хүн аз жаргалтай сайн сайхан, сэтгэл хангалуун амьдардаг. 


18-тайгийнхаа мөрөөдлийг 30 насандаа биелүүлсэн


-Мөрөөдөл гэснээс, та уг нь харьцангуй залуу хүн. Гэхдээ маш олон том ажлын ард гарчихсан. Хүмүүсийн мэдэхээр “Эхлэл” брэнд, “Мэдрэмж” академийг үүсгэн байгуулсан. Одоо бас “Сараюуй” группийг аваад явж байна. Энэ бүх ажил таны мөрөөдөл дотор байсан уу, эсвэл амьдралын явцад ургаж гараад нэг л мэдэхэд ийм амжилтад хүрчихсэн байсан юм уу?

-Би эдийн засгийн хямралтай, идэх юмаар хомс ерээд оны төлөөлөл. Улаанбаатар хотын СХД-ийн есдүгээр сургуулийг алтан медальтай төгсөж байсан. Ээжээсээ зургуулаа, таван дүүтэй, айлын том охин. Багадаа хичээлээ л хийдэг, эрдэм мэдлэг бол хүч чадал юм байна, аз жаргалтай амьдралын үндэс юм байна гэдгийг ойлгочихсон хүүхэд байлаа.  Гуравдугаар ангиасаа л доод ангийнхаа хүүхдүүдэд цагийн 500 төгрөгөөр хичээл зааж өгдөг, ингэж олсон мөнгөө ээждээ аваачиж өгч байснаа санадаг. 

Ингээд би МУБИС-ийг мэдээлэл, технологийн багш, боловсрол судлаачаар төгссөн юм. Их сургуулиа төгсч, амьдралын замаа сонгох үед ээж маань өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл рүү намайг очиж гурван жил багшилчихвал 20 жилийн байрны лизингд орох боломжтой юм байна гэж хэлж байсан.


Гэтэл миний дотор байсан нэг хүсэл нь амжилттай бизнесмен болох. Санхүүгийн эрх чөлөөтэй, дэлхий даяар түгсэн хийсэн зүйлтэй бизнесмен болохыг хүсэж мөрөөддөг байсан. Ингээд 18 насандаа дэлхийн бөмбөрцөг, түүн дотроо Монгол Улсаа, Монгол Улс дотроо “Д” үсэг тавьсан нь мөрөөдлөө зурж буй хэрэг байлаа. Ингээд би бизнесмен болох замыг сонгосон. Гэхдээ ямар бизнес хийхээ ч мэдэхгүй байлаа. 


-Дэлхийн бөмбөрцөг дээр “Д” үсэг тавьдаг нь ямар агуулгатай байсан юм бэ?

-Бизнесмен болоод дэлхийд Монгол Улсынхаа нэр төрийг өргөсөн үйл ажиллагаа явуулдаг компанийг бий болгоно гэсэн агуулгатай. Ингээд мэдээлэл технологийн компани байгуулсан нь одоогийн “Эхлэл брэнд” маань. Өөрсдийн хөрөнгө оруулалтаар Хятадын Гуанжоу хотод монголоос хамгийн анх байгуулсан компани.

 

Дараа нь, 

2016 онд нөхөр бид хоёр Али Бабагийн оффис дээр очиж үзэхдээ, “Ирээдүйд яг ийм том,  цэлгэр оффистой болно оо” гэж хүсэж мөрөөдөн, тэнд зургаа даруулахдаа, “Ирээдүйд хоёулаа Шиньжян хотод оффистой болно шүү” гэж байсан. Тэр мөрөөдөл минь бас хоёр жилийн өмнө биелж, бид одоо Шиньжян хотод бас оффистой болсон. 

Тэгэхээр, хүн ингэж хүсэж мөрөөдөх нь хамгийн чухал юм байна. Мөрөөдөл хүнд урагшаа алхах хүч чадал, зорилго, итгэл найдвар өгч байдаг. Би 18-тайгийнхаа тэрхүү мөрөөдлийг 30 насандаа биелүүлсэн. Яагаад гэхээр, Хятадын Алибаба группт манайх “Gold member” болсон. 


-Олон улсад, ялангуяа Хятадад технологийн салбарт хангалттай олон өрсөлдөгч нар байгаа шүү дээ?

-Хамгийн чухал нь шинэ зүйлийг сураад, тэр зүйлийг харж, үзчихээд эх орондоо ирээд зааж өгөх, хөгжүүлэх гэдэг нь л чухал.


 “Эхлэл” брэндийг үүсгэж байх үед банкны 17 зээл зэрэг төлдөг байсан


-Ингээд технологийн салбарт явж байсан хүн гэв гэнэт “Мэдрэмж” хувцас загварын академийг байгуулчихсан. Яаж яваад энэ салбар руу орчихсон юм бол оо?

-2012 онд “Эхлэл” брэндийг ингэж нөхөртэйгөө хамт үүсгэн байгуулсан.  Бид өөрсдийнхөө мөрөөдлийг бүтээхээс гадна амьдралаа ч бүтээж босгохын төлөө явсан. Залуу хүмүүс учраас үр хүүхэд гаргана, байр машинтай болно, компаниа босгоно гээд явсан. Ёстой л, “Галзуу барын аманд гараа хийгээд л, аваад л” гэдэг шиг явсан даа. Яагаад гэхээр, “Эхлэл” брэндийг үүсгэж байх үед банкны 17 зээл зэрэг төлдөг байв. Өглөөний 00:06 цагаас шөнийн 03:00, 00:04 хүртэл ажиллана. Хэвлэлийн үйлдвэр,  серверийн компани, мэдээлэл технологийн академи, сургалтын байгууллага, онлайн худалдаа, хоол хүргэлт гээд олон зүйлийг зэрэг хийдэг байсан.

Энэ хугацаанд хүүхдүүдээ ч төрүүлж, гэхдээ амралтгүй ажилласаар байсан юм.  Тэгээд бага хүүгээ олсноо мэдэх үед нөхөр бид хоёр, “За одоо л нэг бие хаагаа бодъё, ажил амьдрал ч цэгцэрлээ” гэж ярилцаад 2018 оны эхээр гэртээ суулаа.

Хүүхдээ төрүүлчхээд гэртээ суутал, насаараа дайн тулаанд орж байгаа юм шиг бужигнаад  сурчихсан надад амьдрал тийм сонин, нэг хэвийн болчхож байгаа юм шиг санагдаж эхэллээ. Хүүхдээ унтуулчхаад л, зурагт үзэнгүүт Солонгосын загварын сериалууд гардаг. Ингэж миний нууц, загварын хобби хөдөлсөн.

Үүсэл, гарлыг нь ярьвал, үүнээс өмнө, 2016 онд манайх Али Баба дээр Gold member болчихсон үед нөхөр над руу хятадаас залгаад, “За Дээгий, Али Баба дээр цагаан цамц талх шиг зарагддаг юм байна. Чи нэг загвар зохиогоод явуулаадах” гэв ээ. Би уг нь загварын хүн биш шүү дээ, гэхдээ л тийм даалгавар авчихсан.  Тэгээд л оффист ч,  чөлөөт үед ч өмсчихдөг нэг цамц оёдлын газарт оёулаад л, дүүдээ өмсүүлж зураг аваад л Гуанжоу руу каргогоор явуулчихлаа.

 

Тэгж анх Али Баба дээр цамц оруулсан. Мэдээж, мэргэжлийн биш болохоор амжилттай байгаагүй /инээв/. Гэсэн ч, “Ерөөсөө оёдлын салон байгуулчихъя” гэж шийдээд оффис дээрээ дизайнер болон оёдолчид, эсгүүрчин авчихлаа.  “Удахгүй өвөл болох юм чинь  куртик хийе” гээд дизайнертаа даалгавар өгсөн. Нийт таван куртик зурж ирснээс эгийг нь сонгоод, “Энэ куртикийг монгол захтай, энгэрийг нь дээл шиг болгочихъё” гэж шийдээд  хийлээ. Зураг авалт ч хийлээ. Гэхдээ бүрэн массаар оёогүй байсан ч нөхөр зургийг нь сошиалд постолчихсон. Тэгтэл ердөө хоёр цагийн дотор 100 захиалга ирчихдэг байгаа. 


Ингээд оёдлын үйлдвэрүүдтэй уулзаж оёулаад тэр жилийн өвөл дээлэн курткээрээ Блүүмберг телевизээр ч гарлаа. Гадаадад байгаа монголчууд маш олныг авсан. Дотооддоо бас л олон хүн авсан. Нийдтээ бараг 1000 ширхэгийг зарсан. 

Ингээд хавраас эхэлж бэлдсээр долдугаар сарын 1-нд, “Хүүхдийн 100”-гийн “Гэрэлт гудамж”-ийн нээлтийн загварын шоунд 100 загвараар оролцлоо. 



-“Мэдрэмж” академийг тэгэхээр хэзээ байгуулсан гэсэн үг вэ?

- Хүүхдээ харж байхдаа “Урлах эрдэм” дээд сургуульд хувцасны дизайнер загвар зохион бүтээгчийн эчнээ курст элслээ. Тэгээд загвар зохион бүтээх талаар эхнээс нь судалж эхэлсэн. 2018 оны сүүл болж, хүүхэд ч нэг нас хүрлээ. “За одоо жинхэнэ гоё загварын шоу хийнэ” гэсэн чинь оёдолчин ч, дизайнер ч олддоггүй ээ. Монгол Улс чинь тийм хүмүүсээр хомс, дутагдалтай л даа. “За тэгвэл би юуг хамгийн сайн чаддаг билээ? Сургалтын хөтөлбөр боловсруулах шүү дээ”...




Ингээд хамгийн сайн чаддагаараа богино хугацааны сургалт ажиллуулах хөтөлбөр зохиолоо.  Хүмүүс сэтгэлдээ төсөөлсөн загвараа өөрийн гараар зурж, оёод эсгээд, бүтээсэн коллекцоо  моделиудад өмсүүлээд загварынд “Мэдрэмж” академаа байгуулсан. “Мэдрэмж” академиас олон дизайнер, загварын бизнесменүүд төрсөн. Тэд маань бүтээлээрэолон улсад гаргаад явж байгаа нь ч байна. Тэд маань дэлхийн хүмүүсийг гоёод л явж байна.


 

Нэг удаа “Мэдрэмж”-ийн оюутнуудаа аваад Гуанжоу руу явсан юм. Дадлага хийлгэж, туршлага болон материал судлуулахаар.  Ингээд явж байтал нэг суралцагч маань, “Эгч нь Макао руу бас вж үзмээр байна, ойрхно ирчихсэн юм чинь” гэлээ. Би ч зөвшөөрсөн. Биднийг Макаогийн хил дээр байж байтал хилийн шалганы хүмүүс бидний паспорт хурааж авснаа,  төмөр сандал дээр суулгаад гинжээр хорьчихсон. Тэд түрийвчийг маань үзэж, юанийг нь тоолоод л, “Хаанаас авсан юм?” гээд л, утасны маань вичатыг хүртэл шалгаад л… Ерөөсөө л биднийг хулгайч шиг үзэж байгаа юм. Миний нуруугаар хүйт даах шиг мэдрэмж төрсөн. Өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад л байсан. 


“Монгол хүмүүс яагаад ийм үнэ цэнэгүй байгаа юм бэ. Шударга хөдөлмөрөөрөө амьдраад явж байхад яагаад ингэж хэлмэгдээд, ингэж харж байгаа юм…” гээд л. Тэгээд л би шийдсэн юм. “Үлдсэн энэ амьдралдаа би монгол хүний үнэ цэнийг дэлхийд өсгөх тийм л үйл хэрэг хийнэ” гэж өөртөө амласан. Загвараар, бизнесээр дамжуулаад дэлхийд монгол хүний үнэ цэнийг өсгөнө гэдэг эрхэм зорилгыг шулуухан тавьчихсан. 


-Энэ мөрөөдөл одоо хаана явж байна вэ? 

-2022 оны долдугаар сарын 1-нээс эхлээд “Мэдрэмж” академиа өөр захиралтай болгоод би өөрөө хувьцаа эзэмшигч болоод гэртээ суулаа. Гэрээ манаж галаа сахиад л, тэгсэн хэрнээ мөнгө аваад л тэр нь надаа нэг талаасаа гоё. Яагаад ингэж “тэтгэвэртээ гарсан” бэ гэхээр, 2020 онд хатгаа аваад, ердөө нэг см эрүүл уушгитай болтлоо уушги маань устчихсан байсан. “Энэ хүний уушгины усыг яаралтай соруулахгүй бол амьсгал нь хаагдах нь…”.

Тэр мэдээг сонссон надад эмчийг багажаа бэлдэж байх таван минутын дотор “Би яалаа, би хэн юм бэ. Би юу хийсэн юм бэ. Үр хүүхдэдээ юу үлдээсэн юм. Хүсэл мөрөөдлөө бүтээж чадсан юм уу?” гэх бодол төрж, бүх зүйл миний нүдний урдуур тэр тавхан минутын дотор өрнөж байсан. Тэгээд л шийдсэн. “Дандаа л ажил, ажил гэдгээ больё, захирал хийхээ больё” гэж. 



Гэсэн ч гэртээ сууснаас хойш хагас жилийн дараагаас сэтгэл санаа нэг л сонин болоод явчихлаа. Хорвоо ертөнцөөс хаягдчихсан, бүх зүйл зогсчихсон юм шиг. Муурнуудаа хооллож, хүүхдүүдийнхээ сургуулийг зохицуулчхаад л өөр хийх ажилгүй.

Бүх зүйл зогсчихсон юм шиг тийм мэдрэмж. Тэгээд дахиад шинэ мөрөөдөлтэй болъё гэж бодсон. Ерөөсөө зохиолч болъё” гэж шийдсэн. 

Эрдэм мэдлэг бол хамгийн чухал зүйл гэж би үздэг учраас хийх гэж байгаа зүйлдээ эхлээд заавал суралцдаг юм. Мэдээлэл технологиор төгсчхөөд мэдээлэл технологийн компанийг байгуулж, хувцас загвараар Лондоны “The Fashion” бизнес институтийн онлайн курсийг дүүргэж, стилистээр суралцсан. “Мэдрэмж” загварын академиа ингэж байгуулсан. Ингээд ном бичихийн тулд Монголын зохиолч нарын эвлэлийн хорооны роман бичих сургалтад суулаа. Зүгээр ч нэг роман бичихгүй бест селлер ном бичнэ гээд,  Ц.Оюунгэрэлийн “Бест селлер ном бичих арга зүй”  сургалтад суулаа. 

Б.Сарантуяагийн “Санаанаас шилдэг ном” гэдэг нэртэй, төрсөн санаагаа шилдэг ном болгох аргын сургалтад бас суулаа. “Шулам бурхан” романаа ингэж бичсэн юм.


-Таны хүссэнчлэн “Шулам бурхан” роман бест сэллер болсон. Чухам яагаад яг ийм ном бичих бодол төрсөн юм?

-Сэтгэл зүйгээр сурч байхдаа амьдралын тэнцвэрийн талаар мянга гаруй хүнд судалгаа хийсэн.Тэгээд хүмүүст ойлгуулахыг хүсээд байгаа зүйлээ онолоор биш уран зохиолын аргаар ойлгуулахыг хүргэе гэж бодсон юм. Сэтгэл зүйн асуудлуудын шалтгаанууд нь ийм, ийм зүйлээс болдог гээд. 

Гэртээ суудаг эмэгтэйчүүдийн 80 хувь ийм асуудалтай байдаг гэсэн судалгаа бий. Би 2022 оноос гэртээ сууж байхдаа гэрийн эзэгтэйн синдром тусах гээд байсан юм билээ. Тэгээд өөрийнхөө учрыг олох гээд сэтгэл зүйн судлаачийн сургуульд сурахаас гадна олон улсын эерэг сэтгэл заслын курст давхар сурсан. ОХУ-ын хоёр ч курст мөн сурлаа. “Тэтгэврийн” мөнгөө  ер нь сургалтуудад л үрсэн дээ. Гэрийн эзэгтэйн синдромоос өөрийгөө аврах гэж судалгаа эхлүүлсэн. 

Тэр нь уран зохиолын ном болчихсон. Зарим нэг үйл ядлыг нь өөрийнхөө амьдралаас сэдэвлэчихсэн. 2024 оны аравдугаар сард  “UG Palace”-т “Шулам бурхан” номынхоо нээлтийг мянган хүнтэй хийж байлаа.  Тэнд хоёр том лектор багштайгаа хамт урам зоригийн  лекц уншсан маань асар их эр зоригийн асуудал байсан. Урам зориг ч авсан. “Шулам бурхан” роман ч бестселлэр болсон. Бас хамгийн чухал нь 1000 хүний өмнө "Ээж ээ, би таньдаа хайртай" гэж хэлэх мөрөөдөл маань ч энэ өдөр биелсэн дээ. 







Би өөрийнхөө мөнгөөр хот барина


-Амьдралаараа, өөрийнхөө бүтээсэн өнөөдрөөр аль ч салбарт боломж байдаг, бий болгож болдог гэдгийг та харуулж чадаж байна?

-”Хэрэв чи хүсвэл чи чадна” гэдэг шүү дээ. Энэ үг надад үргэлж урам өгдөг. Хятадын Гуанжоуд 2016 онд явж байхдаа бас “Мөрөөдөлд хүрэх гарц өдөр бүр байдаг” гэдэг үгийг олж харж байлаа. Би хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж амьдардаг эмэгтэй учраас тэр үгийг хараад нүднээс нулимс цийлэгнэчихсэн. Тэр үг бас л маш их урам зориг өгсөн. “Эхлэл” брэндийг үүсгэж байгуулах тэр явцад тэр үг л мотивац болж байлаа. Зөв үг зөв цагтаа хүнд маш их хүч чадал агуу зүйлийг бүтээх хүч өгч, эргэлт болдог юм билээ.

Леонардо Да Винчигийн амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг үзчихээд би гараад явж байхдаа нэг шүлэг зохиосон. “Зоригтой, зорилготой” гэдэг. Түүнийгээ бүр дуу болгуулаад өөрөө дуулсан. Тэгэхэд бас л надад нэг шинэ мөрөөдөл маань бий болсон нь одоогийн хийж буй 3D анимэйшн.  


-Мэдээж, хүн болгон мөрөөддөг. Мөрөөдлийнхөө хойноос явдаг нь ч байна, явдаггүй нь ч байна. Дээгийгийн хувьд мөрөөдсөн бүх зүйлээ биелүүлчихжээ. Зарим хүний хувьд магадгүй галзуу санагдаж болохоор тэр мөрөөдлүүд нь хүртэл биелчихсэн байна шүү дээ. Тэгэхээр таны хувьд дараагийн, магадгүй санаанд оромгүй мөрөөдөл нь юу байгаа бол?

-Би өөрийнхөө мөнгөөр Монгол Улсад хот барих мөрөөдөлтэй шүү дээ.


-Боломжтой гэж бодож байна уу?

-Энэ мөрөөдлөө биелүүлэх гэж шат, шатаар явж  байна. 2016 онд “Эхлэл” брэндийг  үүсгэж байх үед офисынхоо ширээн дээр лего тоглоомоор хот барьчихсан юм. Дараа нь 2020 онд “Мэдрэмж” академийг үүсгэж байх үед уран зургаар хот зуруулчихсан. Харин одоо хот маань Жангар туулиас сэдэвлэн бүтээж буй “Леогийн ертөнц” анимэйшнд маань  “Нарны хот” нэрээр бүтэж байна. Удахгүй  3D технологиор принтерлээд офисынхоо голд тавих гэж байна. 


Жангарын зохиолд дүрсэлдэг Бумбын оронтой адил, Нарны хот эх оронд минь бодитоор сүндэрлэн бий болж, хүмүүс амьдрахад элбэг хангалуун, аюулгүй тайван, залуучууд нь үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж, бизнес арилжаагаа чөлөөтэй хөгжүүлэн, сэтгэл дүүрэн амьдрах тийм л сайхан хот болоосой хэмээн би үргэлж хүсэж, мөрөөдөж явдаг.

Болвол бүтээнэ, боломж үргэлж байдаг шүү дээ. 


-Нарны хотыг бодитой болно, бүтнэ гэж үзэж байгаа шалтгаан, итгэл өгч байгаа тэр зүйл нь юу вэ?

-Сэтгэл шулуудахад нөлөөлсөн үйл явдал болсон. Би BNI олон улсын бизнесменүүдийн сүлжээ байгууллагад гишүүн. Тэр байгууллагад нийгмийн сайн сайхны төлөө  бодит төсөл нь байгаа хэрэгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүст 500 сая ам.доллараас  дээш хөрөнгө оруулалт хийе гэсэн санал ирж байсан. 

Харамсалтай нь, надад Нарны хотын бэлэн төсөл байгаагүй. Хот байгуулах мөрөөдөлтэй л гэж яваад байснаас биш яг үнэндээ төслөө бичээгүй байсан. Хүн ер нь амьдралд бэлэн байх ёстой юм байна лээ. 

2015 онд манай компанийнхан нөхөр бид хоёрын хуримаар  “Ирээдүйн тэрбумтан гэр бүл” гэсэн калиграфф бичигтэй жаазыг дурсгал болгон өгч байв. Тэр үед бидний амьдрал дөнгөж эхэлж байсан. Байр, машин, мөнгө байхгүй. Байгаа нь л хүсэл мөрөөдөл байсан. Тэрбумтан болно гэдэг холын мөрөөдөл шиг санагдаж байсан. Одоо эргээд бодоход бид мөнгийг  тэрбумаар нь олж үзсэн. Бас их наядаар нь хөрөнгө оруулах реферал ирэхийг хараад боломжтой юм байна гэсэн итгэл төрсөн.  



Энэ үйл явдлуудаас надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр, “Болох юм байна, бүтэх юм байна, болдог юм байна, дахиад бас бүтээж чадах юм байна” гэдэг итгэл, урам авсан. 


Сэтгэл гаргасан бүхэнд үр дүн заавал байдаг

-Таньтай ярилцаад суухаар ямар ч айдасгүй юм шиг, зоригтой хүн юм. Аливааг хөнгөхөн, аясаар нь бүтээчихдэг хүн ч юм шиг санагдаж байна. Таны хувьд хамгийн их санаа зовнидог асуудал нь юу байдаг бол?

-Сүүлийн үед бас бодож байна л даа. Улс орны нөхцөл байдлыг харахаар улс төрчид нь эх оронч биш, эх оронч хүмүүжил төлөвшилгүй юм шиг… Тэр хулгай зэлгий хийгээд л, эх орноо тонож цөлмөөд байгаа нь аймаар.  

Тэгвэл энэ дээр миний хийж чадах зүйл юу вэ гээд бодохоор, сэтгэл зүйч, багш хүнийхээ хувиар хүмүүст, тэр дундаа хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлэх үйл хэрэг хийе гэж боддог юм.  Тэр ч утгаараа би хааяа “Сараюу” клубтээ хааяа үнэ төлбөргүй сэтгэл зүйн болон бясалгалын сургалт хийдэг юм. 


“Леогийн ертөнц” анимэйшн маань ч дээр өгүүлсэнчлэн ийм л зорилгыг агуулж байгаа. Нөгөө талаасаа миний ингэж эх орныхоо төлөө юм хийх сэн гэж хүсч эрмэлздэг маань генийн өгөгдөл гэж боддог юм. Миний хоёр өвөөгийн нэг нь цэргийн ангийн хурандаа, нөгөө нь хошууч байсан. Удамд маань гурван ч мээрэн, бас тайж хүн байсан юм билээ. Гэхдээ, мянган сайн өгөгдөлтэй байгаад ч чи залхуу новш бол хэн ч биш. 


-Та бол олон салбарт амжилттай яваа нэгэн. Гэхдээ өнөөдөр бид хоёрын дунд өрнөж байгаа энэ ярилцлагаас харахаар та сэтгэлзүйн салбартаа илүү дурлаад орчихсон юм шиг санагдаж байна?


-Монголд манай эерэг сэтгэл заслын зөвлөхүүдээс хамгийн олон оношилгоо авсан нь би шүү дээ. Ер нь бол хэнхэглэж, тултал нь хийдэг юм /инээв/. Саяхан би “Сэтгэлтэй төрийн хүн” гэдэг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төрийн байгууллагуудад ажиллаад ирсэн юм. 

“Эх оронч байна гэдэг бидний зүрхэнд байдаг, итгэл өгдөг тэр үнэ цэн юм шүү. Яагаад бид нэгийг нь аваад, нэгийг нь алдах ёстой гэж. Амьдралаас бүгдийг нь аваарай” гэдэг уриалгыг хийсэн. Зүгээр нэг сандал, суудал бөглөөд ажил хийсэн, цалин авсан болоод амьдрах биш, харин хийж байгаа ажлынхаа утга учир, мөн чанар, үнэ цэн, ач холбогдол нь юу юм, илүү үр дүнтэй амьдрахын тулд хэрхэх ёстой вэ гэдэг талаар ярилцсан. 




-Тэнцвэртэй амьдралын талаар та их ярьдаг. Үйлдэл бүрээ хайрцагт оруулчихаар төвөгтэй биш үү? 

-Эйнштейн хэлсэн байдаг шүү дээ. “Энд байгаа бол эндээ л бай, тэнд байвал тэндээ л бай. Энд байж байж тэнд байгаа, тэнд байж байж энд байдаг хүмүүс аз жаргалгүй байдаг аа” гэж. Бүхнийг тэнцвэртэй байлгана гэдэг нь хүслээ хорихыг хэлэхгүй л дээ. Цагт баригдахгүйгээр, амьдралаа долоо, долоо хоногоор нь төлөвлөөд, чухлаар нь ангилчихдаг юм. 

Бас “Би долоо хоногийн ням гараг бүрийг гэр бүлдээ заавал зарцуулна. Заавал өөрийнхөө гараар хоол хийнэ. Ням гарагт заавал өөртэйгөө байна” гэх мэт. Хүн хүмүүстэй харилцсаар байгаад өөртэйгөө харилцахаа мартчихдаг. “Шулам бурхан” номынхоо 247 дугаар хуудсан дээр би “Чамд чи байгаа шүү дээ” гээд биччихсэн байгаа.

Тэгтэл бас найз нөхөд, нөхөрлөл чухал. Хүрээ, харилцаа чухал. “Энэ баасан гарагт шинэ танилтай, найз нөхөдтэй болох, пүрэв гарагт нь дотнын найзуудаа заавал халамжлах” гэх мэт. 

Бид ажил,  мөрөөдөл гээд л яваад байдаг. Гэтэл эрүүл мэнддээ анхаарахгүй бол яах билээ? 

Хүн дор хаяж гурван цаг чанартай, гүн нойр авчихсан, өдөрт зургаан мянган алхам хийчихсэн, зөв амьсгалчихсан байхад л хүний амьдрал гурван жилээр уртасдаг гэх мэт. Орой гэртээ орж ирээд л хүүхэд нь тоглох гэхээр ядарсан, завгүй гээд л. Манай гэр бүлийн дүрэм байдаг юм. Нөхөр маань хэчнээн ажилтай, завгүй байсан ч орой ирээд цагаан цамц, зангиагаа тайлаад хүүхдүүдээ нуруун дээрээ суулгаад морь болж тоглодог. Эсвэл хүүхдээ нисгэж тоглоно. 

Манай гэрээс өглөө хамгийн түрүүнд гэрээсээ гарч байгаа нь  Бусдыгаа үнсэж, тэвэрдэг дүрэмтэй. “Би ажилдаа явлаа шүү, үнсүүлээрэй” гээд л гэрээрээ зар тараана шүү дээ. Өдөржин тэр тэврэлт нь энгэрт явдаг юм.Тэгэхээр хүн амьдралынхаа аль ч талбарт сэтгэл л гаргаж байвал үр дүн байдаг. 


-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье!



Холбоотой сэдвүүд

амьдралын түүх амжилтын түүх

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.