Монгол Улсын Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорионы дэглэм тогтоосон энэ цаг үед Нийслэл хотынхоо нийтийн тээврийн тасралтгүй үйл ажиллагааг ханган албан үүргээ гүйцэтгэж байгаа жолооч нар, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн эрсдэл үүрэн ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчиддаа Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын нийт хамт олноос “Замын хөдөлгөөнд Соёлтой оролцъё” уриан дор нэгдэж, сэтгэлийн хандив болгон 20000 амны хаалтыг бэлэглэлээ.

Хандивыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хүлээлгэн өгч, дэлхийг хамарсан цар тахлын үед нийслэл хотынхоо ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн цаг наргүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд болон нийтийн тээврийн, Хот тохижилтын үйлчилгээний ажилтнуудад сэтгэлийн талархал илэрхийллээ.

Эдгээр амны хаалтыг Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 21 байгууллага, нийтийн тээврийн 19 байгууллага, хяналтын төрийн бус байгууллага зэрэг 46 байгууллагын 3000 орчим ажилтнуудад энэ үеэр мөн тарааж өгсөн байна.