Зөрчлийн тухай хууль ард түмний амьдралд алхам тутамд нь дарамт болж байна гэж үзэж буй С.Мишгээ нарын иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангийн тэргүүн С.Мишгээ "Амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буугаагүй хуулийн золиос нь цагдаагийн байгууллага болсон. Ажлаа хийж буй нийт цагдаагийн алба хаагчдаас хувиасаа болон жижиг худалдаа эрхлэгчдийн өмнөөс уучлал хүсч байна. Би уучлал гуйдаг. Энэ бол бялдуучлал биш. Монгол эр хүний иргэний зориг. 

Намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр орууллаа. Би 6 дугаар сарын 28-нд мэдээлэл хийж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл өчигдөр гэнэт намайг шүүхээр оруулна гээд БГД-ын Цагдаагийн 2 дугаар хэсэг дээр гавласан. Ар гэр рүүгээ утсаар яръя гэтэл яриулаагүй. Шүүх дээр очоод ярь гэсэн. Би өмгөөлөгчгүй учраас юм яриагүй. 6 дугаар сарын 28-оос хойш УБ хотод байсан. Энэ урт хугацаанд ямар ч мэдүүлэг аваагүй. Шүүх хурлын талаар юу ч хэлээгүй байж гэнэт ийм шийдвэр гаргаж буйд гайхаж байна. 

Энэ сарын 20-ны 9.00 цагаас БГД-ийн  анхан шатны шүүхэд үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг хавчин гадуурхаж буй асуудлын шүүх хурал болно. Сэтгүүлчид ирээрэй" хэмээв.

С.Мишгээ өмнө нь “Хогийн цэгийг хөдөлмөрийн талбар болгоё” хэмээн Хангарьд ордны гадаа нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Мөн Хар хорин захын гадаа талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүсийн хамт I хорооллын 32-ын автобусны буудлын орчимд гэр барьж, хуурай өлсгөлөн зарлаж байсан юм. 

Өнөөдрийн хэвлэлийн мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.