Таны дуу, дүрсийг зөвшөөрөлгүй авч, ашиглавал шүүхэд гомдол гаргах эрхтэй. Бусдын дуу, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй авч ашиглахыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж үздэг. Гэвч 2019 онд хуулийн энэ заалт мөрдөгдөж эхэлснээс хойш хугацаанд дээрх заалтаар нэг ч хэрэг шийдэгдээгүй байна. Энэ нь иргэдийн эрхээ хамгаалах мэдлэг дутуу байгаагийн илрэл юм. Өөрийн халдашгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар өмгөөллийн "Онч нүүдэл" ХХН-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очироос тодрууллаа. 


Сошиал орчин хөгжсөн өнөө үед хүссэн бүхэн зураг дарж, лайв цацах боломжтой байна. Энэ үйлдлийг хязгаарласан хуулийн зохицуулалт бий юу?

Хаана, хаанаас, юуны зураг авч бичлэг хийсэн бэ гэдэг нь чухал.

Нэгдүгээрт гэрэл зураг, дуу, дүрс авах, дамжуулж тараах үйлдэл хаана хийгдсэн бэ? гэдэг асуудал. Хувь хүний орон байран дахь халдашгүй байдлыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хамгаалдаг. 

Орон байр гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэрэг орно.

Тиймээс дээрх газруудад орсны дараа оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр эсвэл гаднаас дотор орчны зураг авч, дуу, дүрсний бичлэг хийвэл Зөрчлийн тухай хуулийн 6.22-д зааснаар хувь хүнийг 200.000 төгрөг хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.

Харин ийнхүү авч түүнийгээ олон нийтэд тараавал Эрүүгийн хуулийн 13.8-д зааснаар 450.000-700.000 төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1-6 сараар зорчих эрхийг хязгаарлана. Энэ гэмт хэргийг мөрдөгч, тагнуулч үйлдвэл ял шийтгэл хорих хүртэл ялтай.

Бичлэг үзэх:


Зочид буудлаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн зургийг авах, live хийх тохиолдлууд байдаг. Энэ тэгэхээр гэмт хэрэг гэсэн үг үү?.

Тийм ээ. Зочид буудал орон байр гэдэгт орно. Тус зочид буудлын өрөөнд түр хөлслөн байрлаж байгаа хүнээс зөвшөөрөл авалгүйгээр нэвтрэн орвол энэ нь 

Эрүүгийн хуулийн 13.6-д заасан "Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэх гэмт хэрэг бөгөөд 450.000-5.500.000 төгрөгөөр торгуулах, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-6 сараар зорчих эрхийг хязгаарлах ялтай. 

Харин ийнхүү нэвтрэн орсны дараа дотор орчны зураг, бичлэгийг тараавал “Зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу дүрс бичлэг хийж дамжуулах, тараах” зүйлээр давхар зүйлчлэгдэнэ.


Орон байрнаас гадна бол яах вэ?

Орон байранд бус гадна орчинд хүний зургийг зөвшөөрөлгүй авч тараавал тус үйлдэл нь хувь хүний ямар мэдээллийг агуулсан гэдгээсээ хамаараад ялгаатай.

Хувь хүний нууц тухайлбал гэр бүлийн нууц, захидал харилцаа, эрүүл мэндийн нууц мэдээллийг агуулсан байвал Эрүүгийн хуулийн 13.11-д “450.00-5.400.000 төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

Харин хүний зураг, бичлэгийг ашиглан нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол Эрүүгийн хуулийн 13.14-д зааснаар 450.000-.1.300.000 төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-6 сараар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

Дээрх гэмт хэргүүдийн шинжгүйгээр тухайн хүний зураг, дуу, бичлэгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн бол  Иргэний хуулийн 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу иргэний шүүхэд хандаж болно.

Ийнхүү тараахдаа тухайн хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг агуулсан бөгөөд тус мэдээллийн үнэн зөвийг тараасан этгээд нотолж чадаагүй бол Иргэний хуулийн 511-д заасны дагуу тараасан арга хэлбэрээр няцаалт хийж бодит хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-д учирсан бодит бус/эдийн бус/ хохирлыг шаардан гаргуулах боломжтой. Бодит бус /эдийн бус/ хохирлыг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаад учирсан үр дагавар зэргийг харгалзан тогтооно. 

Үндсэндээ хүний зураг, дүрс, дууг “өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр” авсан, нийтлэх, тараасанд тухайн хүн гомдолтой байгаа тохиолдолд Эрүү, Зөрчил, Иргэний аль нэг маргаан болохоор байгааг анхаарах шаардлагатай.