Шинэ коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд цар тахалд хүрээд буй. Сүүлийн өдрүүдэд АНУ, Итали, Иран, Испани, Франц, Швейцарь, Турк, Япон улсад халдвар эрчтэй тархаж байна.

Үүнтэй холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 07-нд "Онц байдал" байдал зарласан. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улс анх удаа онц байдал зарласан тохиолдол болжээ. Өнөөдрийн байдлаар Японд коронавирусийн нийт 4666 тохиолдол бүртгэгдэж, 94 хүн нас барж, 632 хүн эдгэрсэн байна. Онц байдалд Япон улсын 47 муж хотоос Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужуудыг хамааруулжээ. 

“Онц байдал”-ын талаар Ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн бага хурал дээр дараах асуудлуудаар тайлбар хийснийг Япон дахь манай улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

1. Шинэ төрлийн вирусийн халдварын аюулыг нийт ард түмэнд ойлгуулан энэ эрчээрээ халдвар тархвал нэг долоо хоногийн дараа 10,000, нэг сарын дараа гэхэд 80,000 гаруй хүнд халдварлахаар тооцоо гарч байна.

2. Эмнэлгийн орны тоо, багтаамж хүрэлцэхгүй болж байна.

3. Японы эдийн засаг Дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн том эрсдэлд оров. Эдийн засгийг дэмжих зориулалт бүхий зардалд юуны өмнө 108 их наяд иенийг Засгийн газраас гаргахаар тооцож байна.

4. Зайлшгүй шаардлагаар ажилгүй болсон, эдийн засгийн хүнд нөхцөлд буй иргэдэд дэмжлэг үзүүлнэ.

5. Хот болон замын хөдөлгөөнийг хаахгүй, хэвийн үйл ажиллагааг хангана.

6. Хүмүүс хоорондын уулзалтын давтамжийг 70-80 хувь хүртэл бууруулж, иргэдэд гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.

7. “Гурван мицү” хэмээх зарчмыг дагаж мөрдүүлнэ. 

  1. “миппей” - агаарын солилцоогүй битүү орчинд очихгүй байх 
  2. “миссэцү” - хоорондоо 2 метрийн зай барин, ойртохгүй байх 
  3. “мишшюү” - олноороо нэг газар цугларахгүй байх

8. Зайлшгүй гарах шаардлагагүй бол гэрээсээ ажлаа хийнэ.

9. Хөдөө орон нутаг руу аль болох зорчихгүй байна.


“Онц байдал” зарласнаар гол өөрчлөгдөх зүйлүүдийн талаар:

ХЭВИЙН АЖИЛЛАНА:

- Хүнсний дэлгүүр, супермаркет
- Эмийн сан
- 24 цагийн үйлчилгээний дэлгүүрүүд
- Тээвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, метро, такси

АЖИЛЛАХГҮЙ:

- Концерт, шоу тоглолт
- Шөнийн цэнгээний газрууд, баар, уушийн газрууд
- Спорт клуб
- Сургууль, шалгалтын бэлтгэл хийдэг оройн сургуулиуд

Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам