Peak.mn
07 сарын 03, 2024
“Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын амны 2 байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдрэлд орсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийж дуусгалаа.
Энэхүү нөхөн сэргээлтийн ажил нь 2023 оны 11 дүгээр 24-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Оюу толгой” компани нарын зурсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж байгаа юм.
Нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд эвдэрсэн газруудыг хүн, мал амьтанд аюулгүй болгон улмаар тус бүс нутгийн экосистем хэвийн эргэлтэд орох, сэргэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд:
Бичлэг үзэх:
• Уул уурхайн үйл ажиллагааны явцад хөндөгдсөн талбайн хог хаягдал, хаягдал материалыг цуглуулж, цэвэрлэн, зөвшөөрөгдсөн цэгт нүүлгэх;
• Хар Ямаат, Хургадын амны 16.8 га талбай бүхий овоолго, 8.69 га ухаш, бусад байдлаар эвдэрсэн 39 га талбайд үүссэн их хэмжээний овоолго, дэнчилсэн хана мөргөцгийг шаталсан байдлаар налуулж, тухайн орчны хэлбэр төрхөд ойртуулан хэлбэржүүлэх, гадаргууг нь сийрүүлэх, далан, суваг шуудууг булж тэгшлэх, сийрүүлэх;
• Гол мөрний урсац бүрэлдэх эхээс тасалж, ашиглаж байсан хиймэл нууруудыг булж, 1,4 км урт бүхий голын татмын ай сав, 5 га талбай бүхий нуурын эрэг орчмыг хэлбэршүүлэх;
• Нөхөн сэргээлтийн дарааллын дагууд эхлээд шимэрхэг хөрсөөр, дараа нь ургамлын үндэс бүхий давхарга үүсгэх зорилгоор шимт хөрсөөр хучиж, ургамлын үндэс ургах таатай орчинг бүрдүүлэв.
Мөн оролцогч талуудтай зөвшилцөн загас үржүүлж, эко аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нуурыг үлдээн, эргийг нь аюулгүй болгож, голын урсгалтай холбосон юм. Цаашид нөхөн сэргээлт хийсэн газруудынхаа аюулгүй байдлыг хангаж, дахин хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанд өртөхгүй байлгах хамгаалалтын арга хэмжээг аймаг, орон нутгийн зүгээс авахаар төлөвлөн ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Бага ноён, Цэхэрийн аман дахь 114.22 га талбайн нөхөн сэргээлтийн ажил ид хийгдэж байгаа бөгөөд 8 дугаар сарын 15 өдөр гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр энэ бүс нутагт нийт 205.85 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийнэ гэсэн үг юм. Энэхүү ажил нь хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт байдал, цаашлаад экологийн тэнцвэрт байдлыг сэргээхэд томоохон алхам болж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.