"Оюутолгой" ХХК-ийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюу толгой"-н ажлын хэсгийн дүгнэлтийн асуудлаар талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Оюутолгой"-н асуудлыг шалгасан ажлын хэсгийн эхний дүгнэлт өнгөрсөн жилийн наймдугаар сард гарсан. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-ын гишүүдэд өгч, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж өгөөч гэж хандсан. Гэвч ажлын хэсэг ч байнгын хороо ч хуралдаж чадахгүй байсаар он гаргалаа. Өнгөрсөн хоёрдугаар сард ҮАБЗ-д хандаж,"Оюу толгой" -н асуудлаар зөвлөмж гаргаж өгөхийг хүсэлтээ илгээсэн. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсад хэрэгжиж байгаа хамгийн том хөрөнгө оруулалттай төсөл. Бид энэ орд ямар их хэмжээний алт, мөнгө, зэсийн нөөцтэй вэ гэдгийг мэднэ. Дагаад маш олон төрлийн элемент бий. Энэ том төслийг хэлэлцүүлж өгөөч гээд л гуйгаад байна. 

Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх болов уу гэсэн ч таг чиг. Өчигдрийн чуулган дээр дахиад л энэ асуудлыг яриач гэж хүссэн. Байнгын хороогоор хэлэлцэж байх хооронд УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж найдаж байна. Ажлын хэсгийнхэн 5-6 сар ажиллаж дүгнэлтээ гаргалаа. Хэлэлцээд өгөөч гэж зөндөө шахаж шаардсан. Ер нь сүүлийн үед Оюутолгойн асуудлаар ярих хүн цөөрсөнд харамсаж байна. Ярихаараа нэг л сэдвийг нь ярьдаг. Цогцоор нь ярьж байгаа хүн алга. Чин үнэнийг хэлэхэд Оюутолгойн асуудлыг хэлэлцэхгүй байх сонирхол илт цухалздаг. Бараг 7 сарын өмнө гарсан дүгнэлт шүү дээ. Дэлхийн хэмжээний томоохон төсөл дээр ингэж хандаж болохгүй л дээ. Өөх ч биш булчирхай ч биш болгоод хаячихаж таарахгүй. Нөгөө талаас ч бас хүлээлт байгаа. Хоёр талаас ширээний ард суугаад асуудлаа ярилцах ёстой. Гэтэл УИХ-аас гарсан тогтоол алга. Тэр тогтоол гарчихаасай гээд залбирахаас. Энэ төслийг дэлхий нийт ажиглаж байгаа.