Оюу толгойн ордыг нээлцэж, Оюу толгойн зэсийн эрдэсжилтийн илэрцийг анх судалж, тэмдэглэсэн гавьяат Дондогийн Гарамжавын алдраар Ил уурхайг нэрлэн мөнхжүүлэхээр “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр шийдвэрлэсний дагуу Ил уурхай дээр хүндэтгэлийн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ.


“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх:

“Африкийн цөл, Чилийн нурууд, Умард Канадын мөсөн туйлд алт, зэс, очир эрдэнийн орд нээсэн дэлхийд цуутай геологичидтой мөр зэрэгцэн олон улсын нэр хүндтэй Тайер Линдслейгийн нэрэмжит шагнал хүртсэн Д.Гарамжав агсан бээр Монголыг дэлхийн геологи, уур уурхайн ертөнцөд алтаар дархалсан гавьяатай. Учир нь тэрбээр Оюу толгойн түлхүүрийг олж улс үндэстэндээ атгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Эрдэмт, авьяас билигт, хөдөлмөрч, нөхөрсөг, эгэл даруу энэ хүмүүний үйл хэргийг оюутолгойчууд эгнэгт үргэлжлүүлнэ” хэмээн дурсан өгүүлэв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав нь 1967 онд МУИС-ийг зураглалын инженер, геологич мэргэжлээр дүүргээд Чойрын Геологийн удирдах газраас ажлын гараагаа эхлүүлснээс хойш хагас зууны турш эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, “зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан юм. Энэ насны амьдралаа эрдэс баялгийн эрэлд зориулсан тэрбээр Эрдэнэт, Цагаан суварга, Дорнод Монгол, Завханы Оюут толгой, Өмнөговийн Оюу толгойн бүлэг ордод хайгуул, судалгаа хийж байв.


Тэрбээр зэсийн нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогдох Оюу толгойн бүлэг ордын Хюго Дамметт ордыг нээлцсэнийхээ төлөө хамтран зүтгэгч Чарли Форстер, Дуглас Кирвин нарын хамт 2004 онд Канадын Тайер Линдслейгийн нэрэмжит олон улсын “Шилдэг нээлтийн шагнал”-ын хүртсэн түүхтэй. Эх орныхоо эрдэс баялгийн салбарт гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээл, байгуулсан гавьяаг нь төрөөс өндрөөр үнэлж 2008 онд Монгол Улсын гавьяат цол хайрласан бол 2014 онд ард түмнийхээ саналаар эрхэм хүндтэй “Монголын бахархал” шагналын эзэн болсон.


Гавьяат геологич Д. Гарамжав агсан Оюу толгойн зэс-алтны бүлэг ордын геологийн гарал үүсэл, тогтоц, эрдсийн нөөц, баялгийн хэмжээг шинжлэн судлах нөр их ажилд амьдралынхаа сүүлийн хорь гаруй жилийг зориулсан юм. Тэрбээр эрлийн шалгуур, газрын ховор элементийн талаарх гарын авлага, орчуулгын бүтээлүүд, Оюу толгойн уурхайтай холбогдсон түүхийг өгүүлсэн хоёр дэвтэр зэрэг нийт зургаан бүтээл хэвлүүлсэн юм.



“Хүн зорилго, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байх ёстой” гэж сургадаг байсан тэрбээр залгамж үеэ бэлтгэхэд анхаарч сурсан мэдсэнээ харамгүй хуваалцдаг байв. Оюу толгойн ордыг нээн илрүүлэх, дэлхийн энтэй уурхай болон хөгжихөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Д. Гарамжав агсныг монгол түмэн үеийн үед дурсан санаж, амьдралын зорилго, тэмүүлэл, нийгэмд эзлэх байр суурь, хөдөлмөрийн үр шимийг үеийн үед дурсаж байх болно.