П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбаттай ярилцлаа. Хэлмэгдүүлэлт хэмээх хар сүүдрийн гашуун үнэнийг гэр бүлээрээ амссан тэрбээр ерөнхий сайд асан П.Гэндэнгийн  зээ хүү юм байна.


-1930-аад оны хэлмэгдүүлэлтийг геноцит гэж ярьдаг юм билээ?
-Цэргийн архивын судлаачид 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг геноцит байсныг хүлээн зөвшөөрсөн шинэ баримтыг дэлгэх болсон. Тухайлбал надад Сталины гарын үсэгтэй баримт байна. Энэ материалд 500 гаруй хувьсгалын эсэргүү байна. Тэр дотор 400 гаруй нь БНМАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний асуудлыг шийдэж заримыг нь цаазаар авах хэрэгтэй" гэсэн агуулгатай зүйл бичигдсэн байсан. Сүүлд Оросын түүхчдээс монголч эрдэмтэн Рошин миний өвөөгийн тухай "Гэндэн бол Үндэсний удирдагч" гэсэн ном гаргасан. Ер нь бид улс төрийн хэлмэгдүүлэлтийн тухай зөндөө ярьсан, одоо гадаадын судалгааг хармаар байна.

-Энэ мэдээлэл хаалттай хэвээрээ байгаа юу?
-Зарим мэдээллийг авахад хэцүү хэвээр. 1993 онд ээж бид хоёр өвөөгийн асуудлаар Москва руу явж нэлээн хөөцөлдсөний эцэст КГБ-ийн архивт орсон. Архиваас харахад бусад хэлмэгдэгсдийн баривчлагдсан болон шийтгэл ноогдуулсан үеийн гэрэл зураг байдаг. Гэтэл өвөөгийнх байдаггүй. Түүхчид танигдахын аргагүй болтол зовоож, турж  эцчихсэн байсан байх гэж үздэг юм билээ. Мэдүүлэгтээ гарын үсэг зурахдаа өвөөгийн гар маш их чичирч байсан болов уу гэмээр таталдуудан бичсэн байгаа юм. Хэдэн сарын дараа бид дахин КГБ-ийн архивт очсон ч оруулаагүй.

вөөгийнхөө тухай яриач?
-Шинэ эргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Оросын удирдлагатай зарим зүйл дээр санал зөрчилдөж, маргалдан Сталиныг алгадсан гэж түүхчид ярьдаг. Үүний үр дагавар  юу гэвэл 1936 онд “Та 12 жил төр засгийн удирдлагад ажиллалаа. Тийм болохоор та амар” гээд ЗХУ руу явуулан нэг жил гэрийн хорионд байлгахад нь “Би нутагтаа очиж малчин больё. Төрийн ажил хийхгүй. Нутгаа, аргалын утаагаа санаж байна” гэж бичсэн захиа нь байдаг. Тэнд очингуут гэнэт гэрийн хорионд оруулж хэдхэн сарын дараа цаазлагдсныг нь бид хожим 1989 онд мэдсэн.

-1989 онд цаазлагдсан гэдгийг сонсоход эмээ тань байсан уу?
-Эмээ найман жилийн өмнө бурхан болсон байсан. Амьд сэрүүндээ "Өвөө нь хаа нэгэн газар амьд байгаа, магадгүй Сибирт цөллөгдсөн байх” гэж ярьдаг сан.

-Тийм олон жилийн дараа мэдсэн гэж үү?
-1937 оноос хойш өвөөгөөс ямар ч сураг гараагүй. Ээж их хөөцөлдсөн дөө. Сүүлд ээж минь Оросын Ерөнхийлөгч Горбачёвт хандаж аавынхаа сургийг гаргахад туслаач гэсэн захидал бичсэн юм. Тэгж л өвөөг цаазлагдсан гэдгийг мэдсэн дээ.

-Бүгд найрамдах улсыг тунхагласан өдөр цаазалсан гэж ярьдаг ?
-Анхны Үндсэн хууль батлагдсан өдөр цаазлагдсан гэдэг. Баривчлахдаа ч гэсэн наадмаар авч явсан тухай эмээ маань надад ярьж байсан. Яг ямар үйл явдал болсон талаар нарийн мэдээлэл бид нарт одоо болтол алга.

-Ерөнхий сайд Гэндэн Оросод очсон уулзалтын үеэр Сталинг алгадсан гэсэн аман яриа байдаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Түүхчдийн ярьдагаар Сталин манай өвөөг Москвад ирсэн гээд Монголын элчин сайдын яамны хүлээн авалтад очсон гэдэг. Тэнд манай өвөө Сталин хоёрын хооронд нэлээн ширүүн яриа болсон гэдэг. Маргаж байснаа Сталин манай өвөөг өшиглөсөн байгаа юм. Хариуд нь өвөө мань эрийг шанаадсан гэх юм билээ. Манай өвөөг эх оронч, өөрийн гэсэн бодолтой хүн байсан гэж ярьдаг. Ер нь Сталинг шанаадсан хүн түүхэнд манай өвөөгөөс өөр байхгүй гэж би боддог.

-Одоо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байгаа  байшинг таны өвөөд зориулж барьсан гэдэг?
-Энэ байшинг Намын нарийн бичгийн дарга байх үед өвөөд зориулж  барьж өгсөн. Хожмоо ээж маань улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей болгож өөрчилсөн юм. Өвөө маань энд 1928-1936 онд амьдарч байсан. Өвөөг баривчлагдсны дараа эсэргүүний эхнэр, хүүхэд гэдэг нэрийдлээр эмээ, ээж хоёрыг байшингаас нь хөөж гудамжинд гаргасан. Эмээ маань амь зуухын эрхээр айлын хаяанд амьдарч, эмнэлэгт цэвэрлэгч хийж байсан гэдэг.

-Музей нэг хэсэг ажиллаагүй. Баримт устгагдсан ч гэдэг?
-2003 онд ээж маань нас барсны дараа энэ музейг бараг устгасан. Засгаас мөнгө гаргаж засч байна гэх нэрийдлээр зарим хүмүүс дотор нь байсан зүйлсийг хагалж эвдлээд хаячихсан байсан.

-Устгасан гэж үү?
-Хагалж эвдлээд байхгүй болгочихсон байсан. 2004 оноос би самбаруудыг нэг нэгээр нь эвлүүлж өрөөг нэг нэгээр нь сэргээн засварласан. Одоо ч дахин сэргээгээд явж байна. Есдүгээр сарын 10-ны өдөр би музей дээрээ хөгшчүүдийг хүлээж авдаг. Хөгшчүүд маань ямар хэцүү амьдрал туулж байснаа ярьдаг. Хүний зовлонг сонсох амар биш. Тэдний яриаг сонсох болгонд, өөрөө нас ахих тусам өвөө болон ээжийгээ ямар хэцүү амьдрал туулсныг мэдэрдэг. Ээж маань амьд ахуйдаа тэдэнтэй уулзаж хүүхдийн концерт үзүүлдэг байсан, би түүнийг л үргэлжлүүлж явна.

-Ээж тань аавынхаа тухай олон зүйл ярьдаг байсан байх?
- Миний өвөө ерөнхий сайд П.Гэндэн одоогийн Өвөрхангай аймгийн Алтан тал хэмээх газар мэндэлсэн юм билээ. Аймгаас мэндэлсэн газарт нь гэрэлт хөшөө босгосон байгаа. Мөн Тарагт сумын төвд бид нар өвөөгийнхөө хөшөөг босгосон. Манай өвөөг Хазгар Гэндэн гэж муулах маягаар хэлдэг. Үнэндээ бодит баримт дээр тийм хазгар байгаагүй. Оросын баримтат кинонд  цэх алхаж байгаа харагддаг. Харин  хожмоо ээжийг жаахан байхад осолд орж түнхээ хугалан хазгар болсон юм билээ. Зарим нь харанхуй, мэдлэг боловсролгүй мэтээр ярьдаг. Гэтэл өвөө маань лам авга ахаараа бичиг үсэг заалгасан гэрийн боловсрол сайтай хүн байсан юм билээ. Тэр ч бүү хэл өөрийнхөө илтгэлийг өөрөө бичиж уншина. Гэтэл одоо өөрөө илтгэлээ боловсруулдаг дарга ховор доо.

-Таны ээж эсэргүүний хүүхэд гэж нийгэмд гадуурхагдаж байсан. Энэ талаараа ярьж байсан уу?
-Хүн зовлон амсах тусам хурцлагддаг. Гудамжинд өвөөгийн жолооч байсан хүн таарчихаад эсэргүү дайсны хүүхэд гээд нүүр рүү нь нулимж байсан гэдэг. Миний ээж багахан алдаа гаргавал сургуулиас хөөгдөнө гэдгээ мэддэг байсан гэсэн. Аав маань ч ялгаагүй, гэхдээ хоёулаа бүх сургуулиа онц төгссөн шилдэг сэхээтнүүд. Миний аав бол Монголын шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан академич Н.Содном, ээж минь насаараа анагаах ухааны салбарт ажилласан, доктор, профессор Г.Цэрэндулам гэдэг хүн байлаа.

Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн гэж хэн бэ?

1895 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд П.Гэндэн төржээ.

1922-1924 онд Хошууны анхны эвлэлийн үүрйин даргаар ажилласан

1924-1927 онд Ардын Их Хуралд сонгогдож анхны Үндсэн хуулийг батлалцсан. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж санал болгон Улсын бага хурлын даргаар сонгогджээ. 

1927-1928 онд Улсын төв банкны ерөнхий хорооны даргаар

1928 онд МАХН-н Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.

1932 онд 7 сарын 2-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.

1934 оны 9-р сард Монгол улсад радио өргөн нэвтрүүлгийг нээж анхны радиогоор үг хэлжээ.

1936 онд 3 сарын 2-нд огцорсон.

1937 оны 7 сарын 10-д хилс хэргээр баривчлагдаж, 1937 оны 11 сарын 22 ны өдөр ЗХУ-д цаазлагджээ.