Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутагт Зүүн хэмээх газар Салхитын мөнгө, алтны уурхай бий. 

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс силвер ресурс” ХХК тус ордын ашиглалтыг 2019 онд эхлүүлж, 2020 онд үйл ажиллагаагаа жигдрүүлж, одоогоор 600 мянган тонн хүдэр боловсруулж буй  юм.  

Уурхайн насжилтын хувьд 2021 онд батлагдсан ТЭЗҮ-ээр геологийн батлагдсан нөөц нь 2025 онд бүрэн дуусч, уурхайн хаалтыг эхлүүлэхээр тооцоолжээ. Гэвч ашиглалтын үеийн нэмэлт геологи, хайгуул ажлаар геологийн нөөцийг нэмэгдүүлж, ордын амьдралын мөчлөгийг уртасгах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж. 

“Эрдэнэс силвер ресурс” ХХК энэхүү уурхайн хаалтын сайн жишгийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэгч анхны компани болжээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр (2023.07.03) “Туушин” зочид буудалд болов.

Жишиг төлөвлөгөө гэдэг нь тухайн уурхай үйл ажиллагаагаа явуулж хаагдлаа гэхэд газар ашигласан байдал, уурхайн бүс нутаг дахь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, том агуулгаар хэлэхэд нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах явдал юм. Ийм байдлаар уурхайн дэд бүтцийн байгууламжийг татан буулгах, байгаль орчинг нөхөн сэргээх, орчны хяналт-шинжилгээг хийх гэсэн цогц үйл ажиллагаа аж. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг тогтвортой, дахин ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд нөхөн сэргээх үйл ажиллагааг хийснээр нутгийн иргэд болон экосистемд эерэг нөлөөтэй аж.

"Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баярмөнх хэлэхдээ, бидний хэрэгжүүлж буй хаалтын менежментийн төсөл Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Нөхөн сэргээлт болон байгалийг онгон төрхөөр нь хадгалах төр засгийн бодлого, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд өгөөжөө өгөхүйц төсөл” гэсэн юм. 

Монгол Улсад маш олон уурхай үйл ажиллагаа явуулдаг. “Монполимет” гэх мэт нөхөн сэргээлтээ сайн хийсэн компаниуд цөөн боловч бий. Үүний зэрэгцээ баялгийг нь хүртсэн ч байгалийг онгон төрхөөр нь үлдээх, хадгалах үүргээ биелүүлэлгүйгээр тухайн орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй ажиллахгүй орхиод явсан жишээ олон бий билээ. 

Канад улсын дэмжлэгтэй, MERIT төслийн тухайд Монголд хэрэгжиж буй дэлхийн жишигт нийцсэн төсөл болжээ. 

Олон улсад уурхайн хаалтын төсөөлөл буюу урьдчилсан төлөвлөгөөг хүрз хатгахаас өмнө буюу олборлолт эхлэхээс өмнө боловсруулж батлуулдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайг ашигласны дараа байгалийг нөхөн сэргээх, унаган төрхөөр хадгалахад онцгой анхаардаг. 

“Эрдэнэс силвер ресурс” ХХК тэдгээр улсын сайн жишгийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэгч анхны компани болж сонгогдсон нь нэр төрийн хэрэг юм. 

Хаалтын менежментийг дэлхийн жишгээр хийхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагддаг. Канад улсын санхүүжилттэй төсөл хэрэгжсэн гэдэг утгаараа MERIT зөвхөн хаалтын төлөвлөгөө боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн байна. Боловсруулсан хаалтын төлөвлөгөөг батлуулах, сайжруулах, шинэчлэх хэрэгжүүлэх үүргийг “Эрдэнэс Силвер Ресурс” хүлээжээ.

Салхитын уурхай нийгэм, эдийн засгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой төсөл. Ач холбогдлын хувьд өндөр. Нэгдүгээрт, Монгол Улсад анхны хаалтын менежментийн үйл ажиллагааны төсөл хэрэгжсэн. Хоёрдугаарт, дэлхийн жишигт нийцсэн хаалтын менежментийг хэрэгжүүлсэн явдал. 

Монгол Улсын зөвлөх инженерүүд, уул уурхайн мэргэжилтнүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тэдэнд дэлхийн жишиг хаалтын менежмент ямар байдгийг сургаж яваа нь энэ төслийн бас нэг том онцлог юм. Товчхондоо, дэлхийн жишгийг эх орондоо нутагшуулж буй. 

Дунговь аймгийн иргэдийн хувьд тус төсөлд ихээхэн ач холбогдол өгдөг байна. Салхитын уурхай нэгд, төрийн өмчийн, хоёрт ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нийгмийн нөлөөтэй учраас иргэд их сайн ойлгож хүлээн авчээ. Нөгөө талаас MERIT төслийн нээлттэй зарчмаар ажиллаж, орон нутгийн иргэдийг татан оролцуулдаг учраас иргэд тус төслийг сайн ойлгож, талархалтай хүлээж авсан байна. 

Энгийнээр хэлбэл, уул уурхай ажиллуулж, орон нутгийн иргэдийн ажиллаж, амьдрах орчныг сүйтгэдэг муу жишгийг халж байгаа нь энэ төслийн онцгойлж дурдах ёстой давуу тал юм. 

Дундговь аймагт тулгардаг том асуудал бол ус. Уул уурхайг дагаад ус бохирдох, гол горхи ширгэх зэрэг сөрөг асуудал нийтлэг ажиглагддаг. Энэ төслийн хувьд бүх асуудал, процесс шинжлэх ухааны үндэстэй, нарийн тооцоо судалгаатай явагддаг аж. Тэр утгаараа байгальд ээлтэй нөхөн сэргээлт хийдэг байна. Нөгөөтэйгүүр уул уурхайд химийн хортой, хоргүй олон бодис хэрэглэдэг гэсэн ойлголт ард иргэдэд бий. 

Тус төсөл хэрэгжсэнээр уул уурхайг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хор хөнөөлгүйгээр ажиллуулж болдгийг ард иргэдэд ойлгуулжээ. Төслийн явцад байгальд хор уршигтай, экологи сүйтгэсэн буруу үйл ажиллагаа явагдаагүйн дээр төрөл бүрийн хор хөнөөлтэй бодис ашиглаагүй байна.