Оюутны хөгжлийн зээлээр дамжуулан сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжийг Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан. Энэ хичээлийн жилд 41 мянга гаруй оюутныг зээлд хамруулах юм. Оюутны хөгжлийн энэ зээлийн гол онцлог нь сургуулиа төгсөөд дипломоо заавал барьцаалах шаардлагагүй. Харин банктай тохилцсон гэрээгээрээ зээлээ төлөөд явах боломжтой.  Үүнээс гадна малчин өрхийн оюутнуудын хувьд малчны зээлийн нөхцөлөөр сургалтын төлбөрийг олгох юм байна. Малчдын хүүхдүүд зээлээ эргэн төлөхдөө малчны зээлтэйгээ адилхан төлөх боломжтой. Ингэснээр сар бүр банк орох шаардлагагүй. Жилд нэгээс хоёр удаа зээлээ бөөндөж эргэн төлж болох юм.  Энэ жилийн хувьд оюутны зээлийн зарим шалгуур багассан. Заасан шаардлагыг хангасан бол үлдсэн 20 хүрэхгүй хоногт арилжааны банкууд зээлийг нь шийдэж өгөх юм. Шалгуурын хувьд магадлан итгэмжлэгдсэн сургуульд элссэн батламжтай, боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх, зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх ёстой аж. Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах бол шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш гэсэн шалгуур заажээ.

Ц.Цэрэндолгор