Увс аймгийн Ховд сумын Ховд багийн нутагт “Ховд” голын усанд тус сумын харьяат иргэн Д-гийн 1 нас 6 сартай эрэгтэй хүүхэд живсэн гэх дуудлага энэ сарын 8-ны өдөр Увс аймгийн ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн иргэд гээд нийт 24 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр  эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Аврагчид 09.09-ний өдрийн 12 цаг 40 минутад тус сумын Ховд багийн “Хужир булан” гэдэг газар Ховд голоос хүүхдийн цогцосыг олсон ажээ.

Хүүхэд гэрээсээ баруун зүгт 3 км орчмын цаана живсэн энэхүү харамсалтай хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.