Прокурорын байгууллагын залуус санаачлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, сагсны иж бүрэн талбайг байгуулж өчигдөр /2020.08.19/ Хорооны засаг дарга болон бяцхан хүүхдүүдэд  хүлээлгэн өглөө. 

Энэхүү хүүхдийн талбайг өнгөрсөн зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх тогтоол усанд живж харамсалтайгаар хорвоог орхисон тус хорооны дөрвөн хүүгийн гэгээн дурсгалд зориулж бүтээсэн бөгөөд талбай байгуулахад шаардагдах 24 сая төгрөгийг Прокурорын байгууллагын прокурор, захиргаа үйлчилгээний нийт ажилтнууд хандив цуглуулж хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн спорт амралтын иж бүрэн талбайг ийнхүү байгуулжээ. 

Энэхүү арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, тус дүүргийн 9-р хорооны засаг дарга С.Уянгазул, тус хорооны иргэд, прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд оролцлоо. 

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл "Прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд цалингаа хуримтлуулж дүүргийн нутаг дэвсгэрт тоглоомын талбай байгуулж өгсөнд баярлаж байна. Өнгөрсөн зун та бүхэн санаж байгаа байх манай дүүргийн 4 хүүхэд усанд эндсэн харамсалтай үйл явдал болсон. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь 9-р хороонд амьдардаг байсан. Энэ үйл явдал нь хүүхдүүдийн тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл байдалд анхаарах цаг болсоныг сануулж, төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэн. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид санаачлага гаргаж Дэнжийн мянгын гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгсөн явдалд үнэхээр баяртай байна. Нийт прокуроруудад чин сэтгэлийн талархал илэрхийлж 90 жилийн ойн баярын мэнд хүргэе." гэв.