Тайванийн Тайпей хотын нэгэн эр авто тээврийн ослын улмаас эмнэлэгт амьд гарах найдваргүй болсон найз бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулжээ.

Уг эмгэнэлт осол өнгөрсөн сарын 22-ны өдөр тохиолдсон аж. Тухайн үед мотоцикль унаж явсан тэрээр ачааны машинтай мөргөлдсөн байна. Ван овогт бүсгүй эмнэлэгт хүргэгдэхдээ амь нас нь дээсэн дөрөөн дээр маш хүнд очсон гэнэ. Тэрээр 12,13 настай хоёр хүүгийн ээж бөгөөд түүнтэй мөргөлдсөн авто машин нь дүрэм зөрчин буруу эргэснээс уг осол болсныг Asiaone мэдээлжээ.

Бүсгүйн найз залуу болох Лингийн эцэг эх тэдний харилцааг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч хосууд 11 жил хамт амьдарсан түүхтэй. Аймшигт мэдээг сонссон даруйдаа залуу, хуримын бөгж худалдаж авчээ. 

Амьсгалын төхөөрөмжийг нь салгахаас өмнө гэр бүлийнхэн нь Линд салах ёс хийх боломж олгосон байна. Тэрээр найз бүсгүйнхээ хуруунд хуримын бөгж зүүн “Бид эцэст нь гэрлэлээ” гэжээ. 

Уг ослоос гурван өдрийн дараа бүсгүй амьсгал хураасан бөгөөд түүний гэр бүл бүсгүйн зүрх, элэг, цусны судас зэрэг 12 эд эрхтнийг тусламж хэрэгтэй хүмүүст хандивлахаар шийджээ. Бүсгүйн ээж “Хэрвээ тэр нас барвал, энэ дэлхийг орхих болно. Эд эрхтнүүдийг нь хэрэгтэй хүмүүст нь хандивласанаар тэдэнд амьдрах боломж олгож олон хүн түүнд талархах болно” хэмээн хэлжээ. 

Энэхүү үйл явдлын дараа сайн санааны буяны нийгэмлэг Вангийн оршуулгын зардал, гэр бүлийг нь дэмжихэд зориулан 100 мянган Тайвань доллар хандивлаж байгаагаа мэдэгдээд буй. Мөн хөвгүүдийн боловсролыг нь дэмжих сан байгуулан хандив цуглуулж байгаа гэнэ.