Хүн бүр түүхтэй. Харамсалтай нь түүх бүр хайр дүүрэн байдаггүй нь үнэн билээ. Гэнэн цагаан сэтгэлээрээ хайрлаж дурлалцаж амьдралын ханиа сонгосон тэр өдөр алсдаа зүрхээ хар дурсамжаар тамгалах аймшигт өдрүүд байсныг хэн мэдэх билээ. Гэхдээ юм бүхэн ээлжтэй. Хар дарсан хатуурхсан өдрүүдийг орхиж, өөрийгөө чөлөөлж чадсан үнэн түүх олон бий. Хүчирхийллийн хүлээснээс алдуурч, амьдрах итгэлээр жигүүр хийж тэмүүлж яваа тэднийг “даван туулагчид” гэдэг.

Даван туулагч гэдэг нь аль нэг байгууллага, мэргэжилтэнд хандаж гарах гарцаа хайж байгаа, зөвлөгөө тусламж авах, шаардлагатай үйлчилгээнд хамрагдах зэрэг бүхий л үйл явцад оролцож байгаа хохирогч юм. 

Өнөөдөр жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулагдсан “Даван туулагч эмэгтэйчүүдийн түүх” арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ үеэр жендэрт суурилсан хүчирхийллийг даван туулагчид түүхээ хуваалцсан юм. Бид зарим түүхээс нэрийг нь нууцалж хүргэж байна.


Хар бараан өдрүүдэд баяртай гэж хэлээрэй


Би бусдын л адил хайртай хүнтэйгээ учирч, сайхан амьдарна л гэж боддог охин байлаа. Тэр хүнтэйгээ ч учирч 2013 онд анхны хүүхдээ төрүүлсэн юм. Хүүхдээ төрүүлээд л дундаа эрхлүүлж, цугтаа хөгжилдөж хөөр баяраар амьдрал үргэлжилнэ гэдэгт би итгэсэн…Гэвч төсөөлөл тэс өөрөөр эргэхийг би яахан мэдэх билээ. 

Дөнгөж эмнэлгээс гараад удаагүй байхад тэр хайр гамгүй хатуу үгээ дуулгасан. Дараа зодож эхлэв...

“Хүүхэд төрүүллээ гэж маяглаж ямбалаад байх шаардлагагүй, өөрөө өөртөө цай хоолоо хийж ид, даавуугаа ч угаа. Чамд манайхан үйлчилж чадахгүй шүү, би ч та хоёрын төлөө хуруу хумсаа хугалан ажиллаж байна. Эмэгтэй хүн ар гэрээ авч явах ёстойг мэднэ биз дээ” гэж хэлсэн. Гэхдээ мэдээж энд хэлсэн шиг эелдэг зөөлөн учирласан үгээр хэлээгүй. Уурлаж зандчин хэлэхдээ гадаа гарч мод, нүүрсээ хагалахыг тушаасан. Нялх биетэй ч өвлийн жавар хургасан гэрт бяцхан үрээ хуурайлахгүйн тулд хүйтэн сүх бариад мод түлээгээ бэлдлээ.

Өдөр бүр хоол ундаа хийж, нөхрийнхөө хувцас хунарыг нь угааж бэлдэнэ.  Мэдээж нөхрийгөө уурлуулахгүйн тулд байдгаараа хичээнэ.

Тэр өдөр би хоол хийгээд хүлээж байлаа. Хүүхэд уйлж сандаргах хооронд нөхөр маань ажлаасаа тарж гэртээ орж ирэв. 

Аягалсан хоол амсангуутаа “Хоолныхоо давсыг хийгээгүй юм уу” гээд уйлж байгаа хүүхдээ хөхүүлэхээр боссон намайг яах ийхийн зуургүй үсдээд авсан. Уурсаж бухимдсан түүний амнаас хараал үгс урсаастай. Гадаа цас орж байхад нимгэн хувцастай минь үсдээд чирээд гарсан...Намайг зодох зуур гэрт байгаа хүүхдийн минь уйлах дуу хадаастай. Айсан ч хүүхэд уйлаад байна гэж учирлатал урдаас “Уйлж байж хүн болдог юм, үхэв л гэж” хэлсэн…

Энэ бүхэн буруу зүйл гэдгийг би гадарлалгүй яахав. Аминдаа арга учир олох гэж хадам ээж, ах, бэр эгчдээ ч болсон явдал, зодуурын талаар хэллээ. 

Хадам ээж надад “Энэ асуудал угаасаа манай гэр бүлд байсаар ирсэн. Аав нь түргэн ууртай. Намайг ч бас зодож л байсан.  Яг тэр занг нь дуурайж, чамд тэвчихээс өөр арга байхгүй. Эр хүн ганц хоёр уурлаж дэлсээд л аваа биз. Одоо та нар харин зав чөлөөтэй. Ядаж живх хэрэглэчихнэ. Ямбатай болж одоогийн хүүхнүүд...” гэж хэлсэн юм. Ийм үгс хэлж байгаа  хүн надад туслахгүй нь лавтай. Харин ч нэмээд сэтгэлийн шарх авав.

Сүрдүүлэг, дарамт, айдсаар дүүрэн амьдралаас би яаж гарах вэ?

Би яагаад зовж амьдрах ёстой гэж?

Би чухам яах ёстой вэ?

Энэ асуултыг өөртөө зөндөө тавьж хариултыг нь ч олсон. Бараг сар бодож олсон шийдэл нь салалт. Ингээд ганцхан сартай жаахан хүүхдээ тэврээд тэр гэрээс зугтаасан. 

Яг тэр өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 418 бүртгэгдэж, 8 хүн, 1 хүүхэд нас барсан байлаа. Хэрвээ би...Ингэж бодохоос ч аймаар. Тэр үед хүүхдээ авч зугтааж гарч чадаагүй бол нас барсан хүний тоо, бас хүүхдийг тоог ч нэмэх байлаа. Тийм эрсдэлд би байсан юм шүү. 

Би тэр үйлдлээрээ нэг ч гэсэн хүний амь, хүүхдийн амийг аварсан гэж боддог. Хар бараан өдрүүдэд баяртай гэж хэлж чадсандаа, өнөөдөр та нартаа түүхээ хуваалцаад зогсож байгаадаа баяртай байна.

Эргээд харвал хүчирхийллийн ард эрэгтэй, эмэгтэй хүн л тэгэх ёстой гэсэн хэвшмэл үзэл байдаг. Бас арчаагүй дорой учраас л хүчирхийлэлд өртдөг гэсэн ташаа ойлголт байдаг. Эсвэл үнэнээ бусдад хэлэхээс айж эмээнэ.

Би тэр хар амьдралыг давж чадсан. Хэрвээ таны хөршийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байвал заавал цагдаа дуудаарай. Тэнд хэн нэгэн хүн ирээсэй, туслаасай гэсэн зүрх уйлж байдаг юм шүү. 

Энэ бол ганцхан хүний асуудал биш. Хүн бүхний асуудал...Та ганцхан үйлдлээрээ хүчирхийллийг зогсоож чадна. 



Хэрвээ нэг л удаа зодсон бол дахиад заавал зодно...

Ухаанд орохын л аав ээжийг минь байнга л зодно. Энэ бүхнийг харж өссөн учраас хамтын амьдралд муудалцаж зодолдох нь байдаг л зүйл гэж боддог хүүхэд байв.

Айлын хүүхдүүд ийм зүйлс хараад айдаг бол надад хэвийн зүйл. Хүчирхийлэлтэй би ингэж хүүхэд наснаасаа эвлэрсэн. Мэдээж би тийм амьдралыг хүсээгүй…


Би 19-хөн настайдаа гэрлэсэн нөхөр маань ч хүчирхийлэгч байлаа. Урьд шөнөжин зодож, нүднэ. Маргааш нь шалдаа буутал уучлал гуйна. Би түүнийгээ гэмшиж байгаа гэж итгэн уучилсаар…Үйл явдал дахиад л давтагдана.  Хүүхдээрээ шахуу надад хүүхдийг нь төрүүлчихвэл зодохоо болино гэсэн итгэл байсан. 

Зодуураас болж хөхөрсөн бяцарсан хэсгээ халхалж, нэвсгэр хувцас өмсөнө. Ил харагдах хэсгээ нүүрний будгаар дараад л өнгөрнө. Хүн мэдчих вий гэж ичсэндээ л тэр шүү дээ. Нэг л мэдэхэд хар дарсан зүүд шиг долоон жил өнгөрчихсөн байлаа. Хардалт, зодуур, хуурамч амлалтын дунд хамаг залуу насаа би үдчихсэн хэрэг.

Хүний итгэл тасрах биш. Өнөөхөө засарна гэж найдна. Үнэндээ хүчирхийлэгч хүн засардаггүй юм билээ. Үүнийг би туулсан амьдралаасаа батлан харсан. Тиймээс би над шиг хүчирхийлэлд өртсөн, өртсөөр байгаа бүсгүйчүүдэд “Хоосон горьдлогоо цээжнээсээ авч хая. Хэрвээ тэр чамайг нэг л удаа зодсон бол дахиад заавал зодно. Тийм учраас яаралтай туслах байгууллага, мэргэжлийн хүмүүст ханд” гэж зөвлөмөөр байна.

Бидний үеийг бодвол хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах байгууллага, хандаж зөвлөх утас олон болсонд олзуурхдаг. 

Биднийг залууд очих газар, хандах хүн хэн ч байгаагүй. Хэдэн тортой хувцсаа чирээд л найзындаа, хамаатан садныдаа очно. Нөхөр араас олоод хүрээд ирнэ. Ахиад л зоддог.

Битгий л над шиг хүлцэнгүй дорой байгаарай. Насаараа тэвчиж чадахгүй шүү дээ. Чи хүн, жаргах эрхтэй. Амьдралаа зал, боломж чиний гарт байдаг гэдгийг битгий мартаарай.

Би урлагийн хүн. Азаар нэгэн тэмцээний шалгаруулалтад тэнцэж гадаад орныг зорьсон. 

Ингэж л өнгөрсөн өдрүүдээ мартаж чадсан. Хүмүүс янз бүрээр хэлдэг юм. Амнаасаа л болж зодуулаа биз гэж ярина. 

Гуйя. Хүчирхийлэлд өртсөн хүний талаар хэн ч байсан хэзээ ч ингэж бүү яриарай.

Хүмүүс бусдын амьдралд дураараа оролцож, янз бүрээр л ярьдаг. Туулсан амьдралаа дурсахаар аавыгаа, ханиа мууллаа гэдэг юм. Үгүй ээ, би муулаагүй. Үнэнийг л хэлсэн. Энэ бол бодит үйл явдал, болсон түүх. Бусад эмэгтэйчүүд ч гэсэн минийх шиг гашуун амьдралыг бүү туулаасай, үүнийг тойрч өнгөрөөсэй гэсэндээ түүхээ хуваалцаж байна.

2010 онд хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусалдаг байгууллага байгуулсан. Эх орондоо зун бүр очиж хөдөөг зорьж, үнэгүй тоглолт хийдэг.

Үнэндээ бол тоглолт хийж хүн цуглуулах нь урхи л даа. Хүмүүст үзүүлбэрээ үзүүлж дуусаад би амьдралын түүхээ ярьдаг. Дараа нь ижил зовлонтой эмэгтэйчүүдээ олж аминчлан уулзаж, ярилцана. Би ганцаараа биш Олон улсын байгууллагын дэмжлэгээр сэтгэл зүйчид, хүчирхийллийн эсрэг мэргэжлийн байгууллагынхантай хамт явдаг юм. 

Хотод байгаа хүмүүс мэдээлэлтэй учир эрхээ хэрхэн хамгаалуулахаа мэднэ. Гэтэл хөдөө орон нутагт асуудал хүнд хэвээр байна. Хүчирхийлэл үйлдэж, хүчирхийлүүлж байгаагаа ч тэр бүр мэддэггүй. Яг миний залуугийнх шиг...Харамсалтай байгаа биз? Тэр бүсгүйчүүдэд зориулж гарын авлага, сурталчилгаа тарааж аль болох туслахыг хичээдэг.

Хүүхдээ элэг бүтэн өсгөнө гэж бодож тэвчсээр байгаа юм биш биз гэж асуумаар байна.

Энэ бол хамгийн буруу ойлголт. Та хүчирхийллийн тойргоос гармаар л байвал сонголт хий,тэр аймшигт өдрүүдийг, тийм аюултай хүнийг хаях зоригтой бай. Амьдрал баян, урагшаа тэмүүлээрэй. Гол нь хэзээ ч хүчирхийллийг тэвчих ёсгүй шүү.