Говийн болон зүүн бүсийн 8 аймгийн төлөөлөгчид бизнесийн салбар дахь хүний эрхийн асуудлаар хэлэлцлээ.

Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр ГХЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх төслийн хүрээнд “Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлгийг Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Өмнөговь, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн бизнес, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл танхимаар, Дорнод, Баянхонгор аймгаас цахимаар нийт 180 гаруй хүн хамрагдлаа. 

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллагын төлөөлөл уул уурхай, нүүрсний тээврээс үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор нутгийн иргэдийн амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд хамгийн их нөлөөлж байгааг хэллээ. 

Төрийн байгууллагын төлөөлөгчдын хувьд анхан шатны нэгжид дээрх асуудлуудыг шийдэх хууль эрх зүйн орчин хангалтгүй, төсөв санхүү, хүний нөөц дутмаг гэж байсан юм. 

Бизнес ба хүний эрхийн чиглэлээр хувийн хэвшлийнхний илэрхийлсэн байр суурь бол хөдөлмөрлөх эрхтэй холбоотой санаатай болон санамсаргүйгээр хүний эрх зөрчигддөг. Нөгөө талдаа хавтгайрсан халамж, татварын алдаатай бодлого, хуулиас давсан журам хууль эрхзүйн уялдаа холбоогүй байдал бизнесийнхний эрхэд нөлөөлдөг цаашлаад хүний эрхэд сөргөөр нөлөөлөхөд хүргэдгийг онцолж байсан юм. 

“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” говийн болон зүүн бүсийн хэлэлцүүлгээр яригдсан санал, мэдээллийг нэгтгэн үндэсний суурь судалгаанд тусгана. Энэхүү суурь судалгааг эцэслэж нэгтгэсний дараа Бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах суурь болгон ашиглана.  

Бизнес ба хүний эрх хөтөлбөрийн хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан бүх яамдын төлөөлөл багтсан ажлын хэсэг Бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулахаар ажиллаж байгаа юм. 

Энэхүү үндэсний төлөвлөгөөний төсөл нь 2011 онд НҮБ-аас баталсан Бизнес ба Хүний эрхийн чиглэлийн удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг болох юм.

Монгол улс хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцээр хүлээсэн үүргийнхээ дагуу Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг хүлээсэн. Энэхүү үндэсний төлөвлөгөөний төслийг боловсруулахад Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр ГХЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслөөс дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 

“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” говийн болон зүүн бүсийн хэлэлцүүлэг бизнесийн салбар дахь хүний эрхийн сөрөг нөлөөллийг тодорхойлох зорилготой 16 дахь удаагийн хэлэлцүүлэг юм. 

Энэ удаагийн бүсийн хэлэлцүүлэгт үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүдээс ГХЯ, ХЭҮК, УУЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МУИС-ын Бизнесийн сургууль, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, Дорноговь аймагт ажиллалаа.