Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит үйл хэрэг болгож, практик шийдлийг санал болгодог “Миний 17” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Мөөжиг Органик Мөөг” брэндийн үүсгэн байгуулагч С. Мөнхжаргалыг урилаа. 

Тэрбээр кофены шааранд дэлбэнх мөөг ургуулах туршилтыг амжилттай нэвтрүүлсэн юм. Монголчуудыг эрүүл, шим тэжээлтэй мөөгөөр хангах ажлыг эхлүүлээд буй хөдөлмөрч бүсгүйтэй мөөгийг хэрхэн үйлдвэрлэж, хоол хүнсэндээ хэрэглэдэг талаар ярилцлаа.

 Ходоодоо цадталаа идлээ ч шим тэжээлгүй бол бие организм өлсдөг

Үнэнийг хэлэхэд бидний идэж буй хоол хүнсний хэрэглээ тийм их биш. 

Мах, ногоо, будаа, гурил зэрэг 5-6 нэр төрлийн хоолны сонголт дунд эргэлдэж байдаг.  Шинжлээд үзвэл тэжээллэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь маш ховор. Бид эрдэс, амин дэмтэй цовоо сэргэлэн, эрч хүчтэй байж урт цагаар ажиллаж, бүтээмжтэй амьдарна шүү дээ. 

Хэрвээ хүн идэж буй хоол хүнснээсээ биеийг эрүүл, эрч хүчтэй байхад шаардагдах шим тэжээлээ авч чадахгүй бол хүсээд ч үр бүтээмжтэй ажиллах боломжгүй. 

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс монголчуудын идэж буй хоол хүнсийг таван жил тутам шинжилдэг. Тэрхүү судалгаанаас бидний 60 орчим хувь нь шим тэжээлийн дутагдалтай гэсэн үр дүн гарсан байдаг. Энэ нь бидний ходоод цатгалан ч бие организм шим тэжээлийн гүн дутагдалд орж, өлсөж байна л гэсэн үг юм.   

 

Мөөгний шим тэжээллэг чанартай маргах зүйл үгүй 

Мөөгөнд төмөр, кали, магни, фосфор зэрэг хүний бие организмд нэн тустай 49 төрлийн элемент байдгийг Хүнсний Химийн Хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн судлаачид олж тогтоосон байдаг юм.

Монголчууд эрт дээр үеэсээ талын цагаан мөөгөө алтны үнэтэй, амины дайтай үнэ цэнтэй бүтээгдэхүүн гэж нандигнан, хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай. 

Жишээлбэл  хясаа мөөгний малгайн хэсгийг үхрийн махтай, иш хэсгийг хонины махтай адил уураг агуулдаг. Үндсэндээ хүний биед мөөг махны дайтай ашиг тустай. 

Махтай харьцуулахад мөөг тослоггүй мөртлөө сайн нүүрс усаар баялаг. Ашигтай нүүрс усанд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, бодисын солилцоог тэнцвэржүүлэх, цусан дахь муу өөх тос буюу хлостеролыг шүүх, цус төлжүүлэх зэрэг давуу тал олон бий.

НҮБ-аас жилд хүний идэх ёстой мөөгний хэмжээг 10 кг гэж тогтоосон байдаг. Гэтэл монголчууд 180 граммыг л иддэг. Жишээ дурдахад япон хүн жилдээ 12.8 кг мөөг иддэг. Шим тэжээлээр баялаг, биед үзүүлэх эерэг нөлөө олонтой мөөгийг бид япончуудаас 55 дахин бага идэж байхад япончуудтай адил хэмжээнд үр бүтээмжтэй ажиллах тухай бодоод ч нэмэргүй биз ээ. Хоол хүнснээс авч буй шим тэжээл гэдэг хүний ажлын бүтээмжээс эхлээд амьдралын чанарт шууд нөлөөлөхүйц асар ач холбогдолтой зүйл гэдгийг ухаараасай гэж хүсдэг.


 Мөөгний үйлдвэрлэл бүхэлдээ хүнсний хаягдал материалыг дахин ашиглах бие технологид тулгуурладаг

Мөөгийг

  • Газар тариалангаас үлдсэн хог хаягдал

  • Будааны иш, навч, хальс

  • Хүнсний үйлдвэрээс гарч байгаа хог хаягдал буюу кофены шаар, өндөгний хальс

  • Ойгоос гарч байгаа хаягдал буюу унасан, хугарсан модыг ашиглан тариалдаг. 

Нэг ёсондоо эргэн тойрноо цэвэрлэж, органик хаягдлыг ашиглах замаар мөөгөө тариалдаг гэсэн үг юм. Түүнчлэн мөөг тариалсны дараа гарч байгаа хаягдлыг шороотой холиод бордоо болгон ашигладаг бол хатаагаад түлш болгон ашиглаж болдог. Эсвэл малын тэжээлд холивол малын жин нэмэгдэж сүүний гарц өсдөг. Тиймээс та бүхэн кофены шаараа хаяхгүйгээр, хатаагаад бидэнд авчирч өгч болно шүү.  

 

Мөөг ургаж байгаа газар мөөгөнцөр ургадаггүй учир хүнсэнд хэрэглэхэд аюулгүй

Мөөгийг үйлдвэрлэхэд ашигладаг бактерийг мөөгний цэвэр өсгөвөр гэж нэрлэдэг. Хуруу шилтэй жижиг өсгөврийг био технологийн тусламжтай өсгөж олшруулаад мөөг тариалдаг.  

Харин хүмүүс мөөг, мөөгөнцөр хоёрыг хооронд нь андуурч ойлгох хандлага ажиглагддаг. 

Мөөг ургаж байгаа газар мөөгөнцөр ургадаггүйтэй адил мөөгөнцөр ургаж байгаа газар мөөг ургадаггүй юм шүү. Бид үргэлж мөөгөнцрийг дарангуйлж, цэвэрлэж, ариутгах замаар мөөгний цэвэр өсгөврөө дэмжин ургуулдаг.

Түүнчлэн мөөгөө тариалаад хэрэглэгчдэдээ хүргэж өгөхөд хүмүүс мөөгийг хүнсэндээ хэрхэн, яаж хэрэглэхээ төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь ажиглагддаг. Тиймээс хүүхэд багачууддаа болон ээжүүддээ мөөгний үнэрээс эхлээд ач тус, хэрэглээг нь таниулах ажил хийхийг хичээдэг.