Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зөвхөн улаан бүсэд ажиллаж буй 16 мянган эмч, ажилчдын бус эрүүл мэндийн салбарын нийт 56 мянган эмч, ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа талаараа мэдэгдлээ. 

Тэд “Эмч нар энд хүрээд хөрлөө” хэмээх үгийг уриа болгожээ.

Эмч, ажилтнууд “Үндсэн цалинг хоёр дахин нэм. Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна. Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээх бичгүүдийг барьжээ. Халдвар авсан эмч, ажилчдад листний гэж 150 мянган төгрөгийг олгож байгаа нь хаанаа ч хүрэхгүй байна гэж Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Бид хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. 2000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Эдгэрч, ажилдаа орохдоо ядарч туйлдаж байна. Үүнээс цааш ажиллаж чадахгүй нь гэцгээж байна.

Эмч нар нэг ч болов алтан амийг аврахын төлөө сөхөртлөө ажиллаж байна. Гэтэл эрх мэдэлтэнүүд баяр, ёслол тэмдэглэх шийдвэр гаргаж байгааг эмч нар эсэргүүцэж байна.


Наадмын үеэр бөхчүүд, урлагийн, спортынхноос халдвар тархвал тэднийг хэвтүүлэх эмнэлгийн ор алга. Ард иргэдийнхээ, эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохыг шаардаж байна” гэсэн юм.