Коронавирусийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж, Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо.

Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд  халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ. 

Өмнө нь ХӨСҮТ  дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж буй юм.

Энэ хүрээнд  Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хариу арга хэмжээний бэлэн байдал, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сонсож, шийдвэрлэв.

Cүхбаатар дүүргийн хувьд 230 гаруй иргэн гэртээ тусгаарлагдсан бөгөөд Өрхийн Эрүүл мэндийн төв хяналт тавин ажиллаж байна. 

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан өдөр, шөнөгүй ажиллаж байгааг Шадар сайд онцлов. 

Тэрээр нийт эмч, ажилчид, өрхийн эмч нар, резидентүүдэд илүү цагийн цалин урамшуулал болон утас, унааны зардлыг онцгой үед нэмж олгох шийдвэр гаргахаар судалгаа тооцоо хийж байгаа гэв. 

Мөн тус дүүрэгт эмч, ажилчдын нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө. 

Ойрын болон дам  хавьтал болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, тухайн иргэний эмнэлзүйн шинжээс нь хамаарч тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлаж ажиллах юм.

Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэл мэдээллийн алба