НАСА сансар судлалын агентлаг нарны аймгаас гадна орших 65 гарагийг нэмж бүртгэжээ. Ингэснээр нийт нарны аймгаас гадна орших гарагуудийн тоо 5000 хүрч байна. 

Олдсон гарагуудийн ихэнх нь чулуурхаг газартай, тогтоцоороо Дэлхийтэй төстэй бол зарим нь Бархасбадь гарагаас хамаагүй том байсан гэнэ.

Судлаачид дүн шинжилгээ хийх явцад "Мини-Нептун" болон "Супер дэлхий" хэмээх гарагуудийг нээсэн ба НАСА-гийн Экзопланетийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Жесси Кристиансен "Эдгээр гараг нь зүгээр ч нэг тоо биш. Гараг тус бүр өөрсдийн гэсэн цоо шинэ ертөнц” гэж онцлон мэдээлжээ. 

Мөн тэрбээр “2018 онд хөөргөсөн “Transiting Exoplanet Survey Satellite”  тэргүүтэй төслүүдийн ачаар мэдээлэл, өгөгдлийг цуглуулж, унших боломж улам бүр нэмэгдсээр бид "нээлтийн эрин" үеийг эхлүүлж байна.” гэсэн юм. 

Харин 30 гаруй жилийн өмнө манай нарны аймгаас гадуур олдсон анхны гарагуудын тухай нийтлэл бичиж байсан  Александр Вольщзан гэх судлаач “Зөвхөн манай галактик  гэхэд олон тэрбум экзопланетууд байх магадлалтай. Бид хаа нэгтээгээс өөр амьдрал олно гэдэгт итгэлтэй байна.” гэжээ.