АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден ОХУ-ын эсрэг авч байгаа хориг арга хэмжээ оросын технологийн салбарт том цохилт болно, тэр дундаа сансрын хөтөлбөр гэж мэдэгдсэний дараа Оросын төрийн өмчит Роскосмос корпорац Олон улсын сансрын станцыг хамтран ашиглах асуудал эргэлзээтэй байдалд орлоо гэж хариу мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд Роскосмос корпорац 2024 хүртэл Олон улсын сансрын станцыг ажиллуулах Засгийн газрын зөвшөөрөл бидэнд бий. Одоогийн нөхцөл байдалд гэрээг сунгах эсэх асуудал эргэлзээтэй байдалд орлоо гэжээ.

Одоогоор Олон улсын сансрын станцад АНУ-ын дөрөв, ОХУ-ын хоёр, Германы нэг нисгэгч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Уг станцыг Европ (ESA), АНУ (NASA), ОХУ (Roscosmos), Канад (CSA), Япон (JAXA) гэсэн таван сансрын агентлаг хамтран ашигладаг юм. Түүнийг эзэмших, ашиглахыг олон улсын гэрээгээр зохицуулдаг ажээ.

Түүнээс гадна Европын Холбоо-ОХУ хамтарсан Ангараг гаригийг шинжлэн судлах ExoMars даалгавар энэ жил бүтэхгүй болж байна. Өнгөрсөн Бямба гаригт Францын Гвиней дэх Европын сансрын хөөрөх станцад ажиллаж байсан эрдэмтдээ Орос татаж авахаа мэдэгдсэн.

Эх сурвалж: https://tass.ru/