Монгол орны хамгийн баруун хязгаар, Үндэстний  цөөнх  казах иргэд ажиллаж амьдардаг Баян-Өлгий аймгийн салбар салбартаа манлайлагч бүсгүйчүүд цугласан  тэр арга хэмжээнд мусульман эмэгтэйн алчуураа зүүсэн байсан ганцхан бүсгүй байсан нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын засаг дарга Н.Еркежан. 


Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад тулгарч буй саад бэрхшээл, ололт амжилт, туршлагаа тэд энэ уулзалтаар ярилцсан юм. “Эмэгтэйчүүдийг улс төрд, шийдвэр гаргах түвшинд хүлээж авдаггүй, эрчүүд давамгайлсан улс төрийн систем өнөөдрийг хүртэл амь бөхтэй байна. Маш жижиг зүйлээр шалтаглаж эсхүл эмэгтэй хүнийг хувийн амьдрал, өмссөн зүүсэнээр нь хэмждэг нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоор ялгаварлаж байна. Жишээ нь намайг анх сумын засаг дарга болоход  хувцас хунартаа анхаар, энэ алчуураа зүүхгүй бай гэж  надад аймгийн удирдлага хэлж байсан. Би зөвшөөрөөгүй. Засаг даргаар ажиллахад  миний энэ алчуур огтхон  ч саад болох зүйл биш ” гэж Н.Еркежан хэллээ. 


Тэрээр 5 хүүхдийн ээж, нөхөртэйгээ Турк улсад ажиллаж суралцаж байхдаа танилцаж гэр бүл болсон.Хүүхдүүдээ харж гэртээ байх зуураа суралцаж төгссөн нийгмийн ажилтан мэргэжлийнхээ чиглэлээр гэр бүл хүүхдүүдийн төлөөх сайн дурын  ажил сумандаа хийдэг байжээ.

1998 онд Ардчилсан намд элсэж,  2008 онд сумын намын хорооны менежерээр ажиллаж, 2012 нд Сумын иргэдийн Төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон сумын төвийн багийн даргын албыг хашсан байна. 2017 онд сумын Ардчилсан намын даргаар сонгогдож 2020 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн кампанит ажлыг  сумандаа удирдан орж Толбо суманд Ардчилсан нам аль алинд нь ялалт байгуулан улмаар сумынхаа засаг даргаар  2021 оны 1 дүгээр сард томилогджээ.  

Харин аймгийн засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөнөөс хойш  1 жил орчмын дараа  шүүхийн шийдвэр гарч  түүнийг буцааж  албан тушаалд нь томилсон гээд өөрийн улс төрийн замналаа тэр  танилцуулж байв. 

Монголын хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах бүх түвшинд бага байсаар байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүд” статистикийн эмхэтгэлд 2021 оны байдлаар орон нутгийн эрх барих байгууллагад суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын хэмжээнд 27.1 байна. Харин аймаг, нийслэлээр авч үзвэл Төв аймагт хамгийн өндөр буюу 35.9 хувь байгаа бол Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 15.5 хувь байна гэсэн үзүүлэлт гарчээ. 

Баян-Өлгий аймаг 15 сумтай, одоогоор Толбо сумын засаг дарга, Цэнгэл сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албыг л одоогоор эмэгтэйчүүд хашиж байна.

Тус аймгийн Толбо сумын 21 төлөөлөгчийн 2-3 нь л эмэгтэй байдаг байсан бол энэ үзүүлэлт 2020 оны сонгуулиар өсөж тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 5 эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа юм байна. 

Сумын нийт 21 төлөөлөгчийн 5 эмэгтэй төлөөлөгчийн  нэг Н. Еркежан Засаг дарга болсон ч түүнийг шийдвэр гаргах түвшинд ажиллах зам амар биш байгааг уулзалтын үеэр хуваалцсан. 

“Улс төрийн үйл ажиллагаанд 1998 оноос хойш оролцож байгаа 20 гаруй жилийн хугацаанд хамгийн хүнд үе өнгөрсөн 2021 он байсан. Энэ хугацаанд ялгаварлан гадуурхалтаас үүдсэн хууль бус шийдвэрийн улмаас би сэтгэл санаа, эдийн засгийн хувьд их хохирсон. Надад шантрах эрх байгаагүй. 

Хэрэв би хүний эрх зөрчсөн ёс зүйгүй хууль бус үйлдлийг мэдсээр байж өөрөө буугаад өгчихвөл дараа нь ямар ч эмэгтэй хүн энэ талбар дээр гарч ирж зүрхлэхгүй.

Эмэгтэйчүүд бид хүн амын тал хувийг эзэлж байгаагийн хувьд улс төр шийдвэр гаргах түвшинд заавал оролцож, төлөөллөө хангах хэрэгтэй. Гэтэл энэ эрхийг хангах, дэмжих  бодлого өнөөдөр маш сул байна. Хууль эрхзүйн орчныг сайжруулахгүй бол эмэгтэйчүүдийн шийдвэр гарах түвшинд төлөөлөх эрх зөрчигдсөөр байх болно гэж Н.Еркежан хэлж байна.

Дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэмжих олон арга механизмуудыг авч хэрэгжүүлж байна. 

Тухайлбал 100 гаруй улс сонгуулийн квотыг хэрэглэж байна. Хүйсийн цөөнхийг дэмжих квот нь улс төрийн намууд болон улс төрийн институцуудын практикт өргөн тохиолддог эмэгтэйчүүдийг ялгаварлах, улс төрийн өрсөлдөөнд оруулахгүй байх явдлын эсрэг авч буй түр тусгай арга хэмжээ юм[1] гэж үзэж энэ механизмыг хэрэгжүүлдэг байна. 

Н.Еркажены улстөрийн талбарт олон жилийн шантралгүй зүтгэсэн энэ замд нийгмийн тогтсон хандлага, ялгаварлан гадуурхалт, шахалтаас гадна хөрөнгө санхүүгийн гачигдал  хамгийн хүнд сорилтуудын нэг байсаар ирсэн тухайгаа ч ярьсан.  Бусад бүсгүйчүүд ч санал нэг байгаагаа илэрхийлж хуулиар зохицуулалт хийдэг туршлага гадаад улс орнуудад байдаг тухай тэд ярьж байлаа. 

“Нөхөр маань үсчин мэргэжилээрээ сумандаа ажиллаж байна. Нөхрийнхөө  үс засаж олсон орлогоор манай гэр бүл  амьдралаа болгоод л явж байна.Тийм болохоор зарим хүмүүс намайг ядуу засаг дарга гэж хэлдэг нь үнэн. Ард иргэдээ төлөөлөх үүргээ биелүүлж ажиллаж чадаж л байвал миний хөрөнгө мөнгөгүй байх бусдад хамаагүй, би албан тушаалд ажиллахын тулд баян байх албагүй гэж Н.Еркажен хэлээд хөрөнгө мөнгийг чухалд үзэлгүй надад итгэж 2 удаа иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгосон Толбо сумын ард иргэдээ туйлын их баярлаж явдагаа илэрхийлж байв.

Монгол Улсад хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хөрөнгө чинээтэй тул эмэгтэйчүүд сонгуульд ялж чадахгүй.Мөнгөгүй байгаа нь сул тал болж байна гэж судалгаанд оролцсон улс төрч эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд илэрхийлсэн байна.

Энэ саад бэрхшээлийг даван туулах нэг арга механизм бол Улс төрийн санхүүжилтийн хувьд зарим улс орнууд улс төрийн намд хуваарилах төрийн санхүүжилтийг эмэгтэй улс төрчдийг дэмжих хөшүүрэг болгон ашигладаг туршлага байна. Энэ чиглэлээр гурван үндсэн загвар байдаг бөгөөд тодорхой тооны эмэгтэй нэр дэвшигчийг нэр дэвшүүлээгүй бол төрөөс олгох санхүүжилтийг бууруулах,шалгуурыг биелүүлсэн намд нэмэлт санхүүжилт олгох,Эмэгтэй нэр дэвшигчийн хувь, тооноос хамааран улс төрийн намд олгох сонгуулийн санхүүжилтийг тодорхой хувиар нэмэгдүүлэн олгох зэрэг арга замуудыг улс орнууд ашиглаж байгаа юм байна.


Эх сурвалж: [1] “Монголын эмэгтэйчүүдийн оролцоо, гадаад орны туршлага”судалгаа. Улаанбаатар 2021. 50 дахь тал

[2]Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа .Улаанбаатар 2021.42 дахь тал