Ирэх намраас нэгдүгээр ангид 6 хичээл үздэг болно

Бага ангийн сурагчдын хичээлийн ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр ангид ордог хичээлийн тоог ирэх намраас эхлэн 11 байсныг 6 болгож цөөлөхөөр болсныг Боловсролын дэд сайд Д.Гантулга мэдээллээ.

Боловсролын дэд сайд Д.Гантулга

Тэрбээр бага насны хүүхдэд хэт олон, академик чиглэлийн хичээл заах нь сэтгэлзүйн хувьд ачаалал үүсгэдэг тул сургалтын хөтөлбөрийг нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. 

Иймд дүрслэх урлаг, дуу хөгжим, биеийн тамир зэрэг тоглонгоо суралцах, бүтээлч чадварыг хөгжүүлэх хичээлүүдийг хэвээр үлдээж, агуулгыг хөнгөрүүлэх аж. Мөн сургалтын дунд үеэс хоёр нэмэлт хичээлийг үе шаттайгаар оруулж, суурь чадварыг аажмаар нэмэгдүүлэх юм байна. 

Боловсрол судлаачдын үзэж буйгаар 6–7 настай хүүхдүүдийн хувьд хөдөлгөөн, тоглоом, бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулж сурах нь илүү үр дүнтэй байдаг байна. Энэ утгаараа хичээлийн тоог цөөлөх нь олон улсын “play-based learning” буюу тоглоомд суурилсан сургалтын чиг хандлагатай нийцэж байгаа ажээ.

Холбоотой сэдвүүд

бага анги боловсрол

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.