Цэдэнбалын Цэрэндолгор
11 сарын 17, 2025
Эдийн засагч Д.Ган-Очир бичиж байна.
Economist Impact-аас гаргасан 40 орны Эрүүл мэндийн хүртээмжийн индекс нь “эрүүл мэндийн боловсрол, хүртээмж нь эдийн засгийн өсөлт, санхүүгийн баялагтай шууд холбоотой” болохыг харуулж байна.
Ялангуяа, эрүүл мэндийн боловсрол, хүртээмж дутмаг байх нь эдийн засагт зардал, алдагдал үүсгэж байгаа тул улс орнууд тус боловсролыг сайжруулахад анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Онцлох үр дүн нь:
# Эрүүл мэндийн бага боловсролтой хүмүүс (тэд хэт их үйлчилгээ авдаг)-ийн эрүүл мэндийн үйлчилгээний жилийн зардал нь 3 дахин их байна.
# Эдгээр 40 орны хувьд эрүүл мэндийн бага боловсролтой хүмүүсийн эзлэх хувийг 25 хувиар бууруулж чадвал, жил бүр эрүүл мэндийн зардлаас 303 тэрбум ам.доллар хэмнэнэ. Энэ хэмнэлт нь дунджаар тухайн орнуудын эдийн засгийг 0.4 хувиар тэлэх боломжтой. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын жилийн төсвөөс 90 дахин өндөр дүн юм.
# Шүд, амны эрүүл мэндийг сайжруулах замаар 2-р төрлийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулснаар эдгээр улс орнууд ирэх 10 жилд 181 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой.
# ДЭМБ-ын агаарын чанарын зорилтуудыг бүрэн хангаж чадвал, эдгээр орнуудад ирэх эдийн засгийн үр өгөөж нь жилийн 101 тэрбум ам.доллар байх боломжтой.
# 2030 он гэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах цус багадалтыг 2 дахин бууруулж, Тогтвортой Хөгжлийн Зорилтод хүрснээр 48 тэрбум ам.долларыг хэмнэх болно.
# Бага орлоготой орнуудын хувьд шүд, буйлны өвчинтэй холбоотой эрүүл мэндийн зардал нь 50 хувь илүү өндөр бол, агаарын чанарыг сайжруулснаар уушгины хорт хавдар, зүрхний өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, цус харвалт, астмаас сэргийлэх замаар илүү их хэмнэлт гаргах боломжтой.
Эрүүл мэндийн боловсролын түвшин хүн амын бүлгүүдэд харилцан ялгаатай: нас, боловсрол, орлого, мэргэжил, нийгмийн статус, арьс өнгө, үндэс угсаа, хүйс зэрэг нь нөлөөлдөг. Гэхдээ эрүүл мэндийн боловсрол нь зөвхөн хувь хүний үүрэг биш- хүн бүр шаардлагатай ур чадвар, нөөцтэй байхын тулд системийн хүчин чармайлт шаардана.
Иймд бодлого боловсруулагчид иргэдийг эрүүл мэнд, сайн сайхан байдлынхаа талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад бэлтгэх зорилгоор хүртээмжтэй эрүүл мэндийн боловсролыг эн тэргүүнд тавих ёстой болж байна. Энэ бол эдийн засгийн зардлыг бууруулах, өгөөжийг өсгөх стратегийн хэрэгсэл байх болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.