Шинэ коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, гараа сайтар угааж, дархлаагаа дэмжихийг уриалж буй.

Тэгвэл амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх ёстойг их эмч Б.Өнөрбилэг зөвлөж байна.


Амны хаалт зүүж, гараа угааж байгаа нь нэн сайшаалтай. Гэхдээ амны хаалтыг маш буруу хэрэглэж байна. Ихэнх иргэд нэг удаагийн амны хаалтыг хэдэн өдрөөр ч солихгүй зүүж байна. Энэ маш буруу. Нэг удаагийн амны хаалт ердөө 1-2 цаг тусгаарлаж чадна. Үүнээс хойш амьсгалын дотор талд ч, гадна хэсэг нь ч бохирдоно. Амьсгалаар норсноор тусгаарлах шинжээ алддаг байна.

✔Хэт удаан солихгүй зүүснээр дотор талын хэсэг нь өөрийн амьсгалаар, нянгаар бохирлогдон эргээд ауто-инфекц буюу өөрөө өөрөөсөө халдвар авч гүйлсэн булчирхай үрэвсэх амьсгалын дээд зам үрэвсэх бас нэг шалтгаан болдог байна. Анзаарвал, хэт удаан зүүсэн амны хаалтаас хэрэглэгчид өөрт нь таагүй үнэр үнэртэж эхлэнэ. Энэ нь өөрийн тань амьсгалаар бохирдож аль хэдийнэ нянгийн үржил явагдаж буйг илтгэнэ. Эргээд энэ бохир хэсгээр бид өөрсдөө амьсгалж, халдварлаж байна гэсэн үг. Ялангуяа хүүхдэд маш их хамаатай!


Амны хаалтаа хэрэглэж байхдаа түр тайлах, эсвэл доошлуулах үедээ халаасандаа хийх, юман дээр тавих, эрүүн дороо нугалж татах зэрэг нь тусгаарлагч шинжийг нь ямар ч ач холбогдолгүй болгоно.Амны хаалтны тань дотор тал ч, гадна тал ч бохир байгаа.


Нугалаад халаасалж буй бол, утсан чинээ болтол нь нугалсан бол энэ 2 гадарга чинь холилдоод зүгээр нэг халдварын бөөгнөрөл авч явж байна гэсэн үг. Ингэж хэрэглэснээс хэрэглээгүй нь дээр шүү! Халаасаа, эрүүгээ байнга цэвэрлэж чадахгүй шүү дээ.

✔Амны хаалтаа түр тайлахдаа шууд хамар амныхаа хэсгээс барьж аваад байна. Гадна тал бас бохир. Иймээс түр тайлах гэж байвал бага бохирлогдсон хэсэг буюу чихэндээ зүүсэн хэсгээс хавтгай талдаа гар хүрэлгүйгээр тайлж тавих хэрэгтэй.Үгүй бол шууд хая. Шүүх гэж байгаа бохир хэсгээр эргээд өөрөө гараараа халдвар тарааж байна гэсэн үг.

Зүгээр л сэтгэлээ хуурах гэж амны хаалт хэрэглэж байвал больсон нь хавьгүй дээр шүү!  Нэг удаагийн амны хаалтыг1-2 цаг тутамд солих нь эдийн засгийн хувьд ч, эрэлтийн хувьд ч амаргүй байж мэднэ. Иймээс даавуун буюу олон дахин хэрэглэдэг амны хаалтаа халаасандаа цэвэрхэн, тусдаа уутанд хийгээд солиод байвал арай дээр. Мөн сольж байгаа бохир маскаа бас нэг тусдаа уутанд хийх хэрэгтэй!

Хүмүүс ахуйн болон эмнэлгийн, ариутгалын бодис их асуужээ. Ариутгалын бодис гэж байдаггүй юм шүү! Зөвхөн халдваргүйжүүлэх бодис л гэж байгаа. Бидний хэрэглэдэг угаалгын нунтаг, барааны саван бол нэлээд өргөн хүрээний халдваргүйжүүлэх бодист хамаардаг бөгөөд эмнэлгийн зориулалттай халдваргүйжүүлэх бодисын дунд үйлчилгээтэй ангилалд үйлчилгээ нь дүйж очно (энэ нь ахуйн нөхцөлд хангалттай үйлчилдэг гэсэн үг).
Иймээс мөнгө үрэх хэрэггүй угаалгын нунтаг, савангаа л хэрэглэ! Ядаж харшлах нь бага байдаг.

✔Уламжлалт арга зөндөө бий. Шингэн уух , чацаргана, аарц, нэрс, аньсны шүүс уух, мах ихтэй, сармис сонгино агуулсан шөл, халуун сүү, лимонтой ус гээд мэддэг энгийн аргууд чинь гайхалтай үр дүн өгнө. Ямар ч сөрөг үр дагавар үгүй!

✔ Ам зайлах, хоолой зайлах уусмал хэрэглэж байвал доод тал нь 1 минут зайлж байж микроб нян мөөгөнцөрт үйлчилж эхэлнэ. Хүчтэй болон спирт их агуулсан бодисоор ойр ойрхон их зайлвал мөөгөнцөртөх аюултайг санацгаана уу! Иймээс аль болох хүнсний сода, давс зэрэг гар доорх энгийн зүйлсийг ашиглаарай!