Манай улсад сургуулийн насны хүүхэд хичээлийн танхимд амны хаалт заавал зүүх ёстой, тайлж болохгүй, харин цэцэрлэгийн насны хүүхэд амны хаалт анги дээрээ зүүхгүй байгаа. Өөрөөр хэлбэл 6 болон түүнээс дээш насны хүүхдүүд өдөрт 3-4 цаг идэх, уухаас бусад үед 3 давхар амны хаалт заавал зүүж байна гэсэн үг. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжтай нийцэж байгаа юм.

АНУ-д 2-оос дээш насны хүүхэд заавал амны хаалт зүү гэж шаарддаг бол Их Британид эсрэгээрээ хичээлийн танхимд сурагч нар, мөн багш нар амны хаалт зүүхээ больжээ. 


Ихэнх улс орнууд 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхлээгүй байгаа юм.

Олон улсын судалгаагаар Ковид-19 цар тахал бага насны хүүхдэд хүндрэл өгөх нь харьцангуй ховор буюу 50 мянган хүүхдэд 1 тохиолдол хүндэрч, 1 сая хүүхдэд 2 тохиолдол нас барж байна. Гэхдээ өмнөхөөсөө 2 дахин их халдварлуулах чадвартай делта хувилбар гарснаас хойш улс орнуудад иргэдээ түүн дотор бага насны хүүхдүүдийг халдвараас хамгаалах илүү их ачаалал ирсэн.


Амны хаалт зүүж хэвшсэнээр сургуулийн орчинд ганц ковид бус, амьсгалын замын бусад халдварт өвчин тархах эрсдэлийг 37 хувь бууруулсан юм. 

Амны хаалтаас гадна бусад хамгаалах арга хэмжээ болох гараа тогтмол угаах, зай барих, анги танхимд агаар байнга сэлгэх зэрэг арга хэмжээ хамт авч байж халдварын эрсдэлийг бууруулж байгаа юм. 

Харин барууны орнууд бага насны хүүхдийг бие сэтгэлгээний хөгжилд амны хаалт ямар нөлөө үзүүлж байгааг судалсан байна. Ихэнх судалгаа амны хаалтын амьсгалахтай холбоотой биед үзүүлэх нөлөөг анхааран судалсан байна. Тэгээд сөрөг нөлөөг олоогүй байна.

Харин Сингапурын судалгааны байгууллага өөр зүйлийг ажиглажээ. 

Нүүрний талыг халхавчилчхаар хүмүүсийн зан, сэтгэл хөдлөлийг таньж мэдэхэд хүүхдүүдэд хүндрэл гарсан байна. 

Хүүхэд 10 сартайгаасаа эхлээд том хүмүүсийн сэтгэлийн хөдлөл байртай байх, уйтгартай байх, айдас, ууртай байх зэрэг сэтгэл хөдлөлийг таньж мэдэж эхэлдэг байна. Энэ үйл явц 6 нас хүртэл үргэлжилдэг байна.

Хүний нүүрийг бүтэн харах нь дээрх хөгжилд чухал үүрэгтэй. Бид нүүр царайгаар дамжуулан сэтгэл хөдлөлд суралцдаг. 

2021 онд буюу корона гарахаас өмнө хийсэн судалгаагаар хүүхэд ам харахгүй байсан ч хүний сэтгэл хөдлөлийг таньж чадаж байсан байна. Харин өнгөрсөн жил хийсэн судалгаанд амны хаалттай хүний уйтгар, уур, айдас зэрэг сэтгэл хөдлөлийг хүүхэд таньж чадаагүй гэсэн дүгнэлт гарчээ.

Нөгөө нэг сөрөг нөлөө нь хүүхдийн хэл ярианы хөгжил юм. Үүнд судлаачид олон хуваагдаж байгаа ч нэг зүйл дээр санал нэгдэж байна. Хэл ярианы хөгжилд хэл чухал. "Хүүхэд ажиглаж сурдаг. Тэд амны хөдөлгөөн, уруул харж, хэлний хөдөлгөөн хардаг." гэж Сингапурын Ngee Ann Polytechnic сургуулийн эрдэмтэн Линет Тео хэлж байна. Англи хэлтэн орнуудын хувьд "th" авиа дуудахад хэлний байрлал чухал.