Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулахад 10,000 хүүхэд оролцжээ

Хүдэрчулууны Хулан
11 сарын 12, 2025

“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрт нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчид, Техник технологийн политехник коллежийн 1-3 дугаар ангийн оюутан, нийт 10,000 гаруй суралцагч хамрагджээ.


Засгийн газрын 2023 оны тогтоолоор мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарлаж, үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил”-ын хүрээнд баталсан “Мазаалай баавгайг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 3.6-д “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах хөтөлбөр боловсруулж, сургалт хийх” ажлыг тусгасан байна. Энэхүү ажилтай холбоотойгоор Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн боловсролын газар, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулжээ. 

Тус хөтөлбөрийн зорилго нь мазаалай баавгайгаар төлөөлүүлэн Монгол орны биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг ойлголтыг  нэмэгдүүлэх, тэдэнд байгаль хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн байна.  

Мазаалай баавгайн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг байгалийн түүхийн музейн үзмэрт түшиглэн хосолсон сургалтын хэлбэр буюу музейн өмнөх – музей дэх – музейн дараах гэсэн гурван үе шатаар зохион байгуулсан нь шинэлэг боллоо. Тус хөтөлбөрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан суралцагчдад зориулсан хөтөч гарын авлагыг зорилтот бүлгийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн таван түвшин, тус бүрээр багшийн зөвлөмжийн хамт, нийт 10 бүтээгдэхүүн боловсруулж, сургалт, үйл ажиллагаанд ашигласан байна.

 Тухайлбал:

Анги

Бүтээгдэхүүний нэр

Гарын авлага,

Багшийн зөвлөмж

I-III анги

Мазаалай баавгай: Говийн баавгай 

1

1

IY-Y анги

Мазаалай баавгай: Говийн гайхамшигт зургаа 

1

1

YI-YII  

Мазаалай баавгай: Үндсэн шинж, ангилал

1

1

YIII-IХ 

Мазаалай баавгай: Амьдрах орчин 

1

1

I-YII анги

Мазаалай баавгай: Судалгаа хамгаалал 

1

1


Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд:

  • Сурагчид мазаалай баавгай болон Монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, мэдээлэлтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгоно.

  • Экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшинө.

  • Хүүхэд, залуусын байгаль хамгаалах үйл хэрэгт оролцоо, идэвх санаачилга нэмэгдэж, иргэний нийгмийн хариуцлагыг ухамсарлана.

  • Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бодитоор тусгагдаж, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжнө.

  • Экологийн боловсрол болон тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо сайжирч, төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулна. 

  • Танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулсан энэ арга зүйг улсын хэмжээнд бусад сургуулиудад нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.

Холбоотой сэдвүүд

мазаалай нэн ховор амьтан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.