Аз жаргал үргэлж хаалга тогшдог. Тэр олон янзын дүрээр, хэзээ ч ирж магадгүй. Заримдаа уйлж унжиж гомдож суугаад танилгүй явуулчихна. Заримдаа хэтэрхий завгүй гүйж яваад анзаарах сөхөөгүй буцаачихдаг. Харин сэргэг мэдрэмжтэй байж, өөрөөсөө бусад хүмүүсийн төлөө сэтгэлээ чилээн суухад түүнийг хэзээ ямар ч дүрээр ирсэн таньж хаалгаа онгойлгож өгдөг.

Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэгийн "Аз жаргал үргэлж хаалга тогшдог" ном нь өөрийгөө эрж, олж нээхийг хүсэж яваа хүн бүхэн, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн хувьд гарын авлага болохоор бүтээл болжээ. Ийнхүү асуудалтайгаа нүүр тулгарснаар, өөрийгөө олж нээснээр өөрийн үнэ цэнээ олж харж, шинээр бий болгож, өөртөө итгэлээ олж, гэр бүлийн харилцаандаа эерэг, сайн үр нөлөөг бий болгох юм. 

Хувь хүний хөгжлийн талаар олон ном байдаг ч энэхүү ном нь зохиогч нь туулсан амьдралын бодит туршлага дээр үндэслэн хувь тавилангаа хэрхэн өөрчлөн залах талаар жинтэй зөвлөгөөг багтаажээ.

Амжилт гэдэг алс холын оргил биш. Харин олон удаагийн жижиг алхмуудаас бүрддэг билээ. Өөдлөн дэвжих, амжилттай амьдрах хүсэл хүн бүхэнд бий. Олон зүйлийг хийх зорилгоо биелүүлэхийн тулд төлөвлөгөө гаргахаас өмнө заавал мэдэх зүйл бий. Энэ бол өөрийгөө одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэж номын зохиогч онцлон дурдсан байна. 

Хүн өөрөө өөрийгөө шүүмжилж, үүнээс өөр илүү дээр байх ёстой гэж бодож шаналдаг. Гэвч энэ нь өөртөө итгэх итгэлийн дайсан аж. Иймээс өөрийнхөө талаар эерэг бодлуудтай болж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй. Энэ нь бууж өгөх нэр биш илүү ухаалгаар тайвнаар амьдралд урагшлах чухал алхам гэдгийг онцолжээ. Учир нь бусдад байхгүй зүйлс танд заавал байдаг. Түүнийгээ олж харж тордоорой. Эерэг хандлагатай хүн ухаан бодлоо үргэлж эерэг сайн руу чиглүүлдэг билээ.

Мөн тэрбээр төлөвлөхийн ач тусыг  "Хүн бичиж байхад тархи ажиллана, өөрөө өөртэйгээ ярина, төсөөлнө. Тэгэхээр бичнэ гэдэг өөрөө яг бясалгахтай адилхан үйлдэл юм. Магадгүй ажил бүтэхгүй бол яагаад, ямар шалтгаан учирсан гэдгийг бич. Ингэж байж асуудал хаана байгааг олж мэднэ. Хойш тавилгүйгээр одоо л бичиж тэмдэглэ. Магадгүй үүнийг уншсан л бол шууд бичиж эхлээрэй. Гол нь он гарахаар, тэгж байгаад гэж хойшлуулж болохгүй" хэмээн бичжээ.