М.Сарнай бүсгүй асрамжийн газар барих ажлаа үргэлжлүүлж эхэлжээ. Түүнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

 -Хүүхдүүд нь сайн уу, сүүлд авч явсан хоёр хүүхэдтэйгээ холбоотой байгаа юу?

-Хүүхдүүд маань сайн байгаа. Сүүлд болсон үйл явдлаас хойш манай хэд хаалга дуугарахаар орон доогуур ороод хэвтчихдэг болсон. Нэг бага нь бүр гурилын модны ард нуугдсан явдал ч гарсан. Шувуу фабрикт ирсэнээс хойш харин арай гайгүй тайвширсан. Эндэхийн хороо хэлстсийнхэн бидэнд тусалж дэмжиж заримыг нь цэцэрлэгт авах талаар хүртэл ярьж байгаа. Хоёр хүүхэдтэйгээ холбоотой байна. Буцаагаад өгөх байхаа гэж найдаж суун  Хулан маань хүүхэд хамгааллын төвд, бага нь хүүхдийн сувилалд хэвтсэн гэсэн.

-Ц.Сувд-Эрдэнэ та хоёрын асуудал юу болсон бэ?

-Бид хоёр тэр асуудлаас хойш уулзаагүй. Гомдлын дагуу цагдаад дуудагдаж мэдүүлэг өгч байгаа. Хүүхдүүд маань жаахан болохоор ахин дахин нааш цааш явах бас амаргүй юм аа. Миний хувьд энэ үйл явдлаас болж сэтгэл зүйн хүнд цохилтонд орсон. Үхэхийн өмнө бүх зүйл нүдэнд харагдаад гэдэг шиг л юм болсон доо. Эцэстээ гишгэсэн мөр бүхэн минь үнэн юм хойно болж л таарна. Үнэндээ миний хувьд Ц.Сувд-Эрдэнэ бурхан шиг хүн л дээ. Надад зөндөө тусалсан. Одоо ч гэсэн холбож өгсөн байгууллагынх нь буянаар гурилаар тасраагүй л байна. Харамсалтай нь  итгэж  найдаж явсан хүн маань мөнгө төгрөгнөөс болоод ийм явдал үүсгэчихлээ.

-Анх мөнгөний асуудлаас болж зөрчилдөж эхэлсэн байх нь ээ?

-Дэлгэр эгч манай төвийг байгуулна гэж сэтгэл шулуудаад орж гарч байгаа мөнгөний асуудалд хяналт тавиад эхэлсэн. Хандивын мөнгөнд шууд оролцоод санхүүг нь хянаад эхлэхээр Сувдаа эгдүүцсэн. Анхандаа ярилцаад мөнгө төгрөгөө дараа шилжүүлнэ гэж байснаа гэнэт л фэйсбүүк дээрээ эвгүй зүйл бичээд эхэлсэн.

-Өөрийг чинь хүүхдүүдийнхээ мөнгийг завшиж цэнгээний газар зарцуулдаг гэсэн агуулгатай мэдээлэл цацагдсан. Энэ тал дээр тайлбар хэлээч?

-Элдвээр хэлүүлээд хүнд цохилтонд орохоор хүн яахаа ч мэдэхгүй эргэлзэж тээнэгэлздэг юм билээ. Эхлээд уйлахаас өөр чадалгүй байсан. Эцэстээ үнэн юм үнэнээрээ сайхан гээд хүүхдүүдийнхээ төлөө амьдарч эхэлсэн. Хүүхдүүдийнхээ мөнгөөр  идэж уух нь битгий хэл энд тэндээс түлээ түүж ирж хүүхдээ дулаацуулдаг үе надад олон байсан Хиамны цехийн сайхан сэтгэлтэй охинтой танилцаад усны тэргээр  дүүрэн шулсан яс авдаг байлаа. Хоёр жилийн өмнө бэр эгчийнхээ төрсөн өдөрт очоод сэтгэл хөдлөөд ганц бүжиглэсэн бичлэгийг маань тавьчихаад хүүхдийнхээ мөнгийг идэж уудаг гэсэн тайлбартайгаар сошиалаар цацсан байсан.

-“Нэг хүн нэг тоосго” аяны явц ямаршуу байна?

- “Сарнай” хүүхдийн төвийнхөө шавыг тавьж, газраа тэгшилчихлээ.  Энэ бүхний ард тууштай, нугарашгүй зогсч байгаа Дээгий эгчдээ, миний хэдэн хүүхдийг өөриймсөн хайрлаж хандиваа итгэл сэтгэлээ өгсөн хүн бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Замын түгжээнд ороод явж байхад хүмүүс таниад “Сарнай эгчээ дэмжиж байгаа шүү” гэж хэлж байна. Үүн шиг том дэмжлэг гэж хаана байхав.