Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 12, 2025
Бид энэ удаа морьт харвааны тамирчин, морин циркийн жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отгонбаярын Түмэнбаяртай уулзаж, энэ спортоор хэрхэн хичээллэж эхэлсэн, юу мэдэрч, юунд тэмүүлж яваа тухай нь ярилцлаа. Тэрбээр морьт харваагаар Ази тивийн аварга болж, дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртээд буй юм.
– Морьт харваагаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би морин циркийн жүжигчин. 2013 оноос хойш “Хан Монгол” морин циркийн Чежү дэх салбарт ажиллаж байна. Долоон жилийн өмнөөс морьт харвааг сонирхож, Э.Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж, суралцаж эхэлсэн. Бүр багаасаа нум сум харвах сонирхолтой, бургасаар нэг ийм нум хийж, жижиг модоор сум хийгээд харвах гэж оролдож байсан л даа. Хожим нь багш маань өөрөө морьт харваагаар хичээллээд, бүр дэлхийн дөрвөн ч удаагийн аварга болоход нь дахин сонирхол төрж морьт харваагаар харваж эхэлсэн дээ.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
– Морьт харвааны хамгийн онцгой мэдрэмж таны хувьд юу вэ?
-Морь хурдтай давхих тусам таашаал авч, бахархал мэдэрдэг. Бас харваад, байныхаа яг голд онох үеийн мэдрэмжийг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй байдаг даа. Тиймдээ ч, тэмцээн уралдаанд оролцохдоо “түрүүлнэ, аварга болно” гэж биш тухайн гараа дээрээ гурван сумаа алдалгүй тавья, голд нь оноё гэж л зорьдог. Мэдээж үндэснийхээ өв соёл болсон морь харваагаа сурч, сумлах техникээ зөв хийж, түүнийгээ олон хүнд үлгэрлэх, зааж өгөх нь илүү чухал санагддаг.
Морьт харвааны техникийн хувьд нэг сумыг нэг секундэд сумлаад харвах гэж хичээдэг. Яагаад гэхээр морь маань 100 метр зайд дунджаар 8 секундийн дотор давхиж өнгөрдөг. Энэ давхил дунд гурван байгаа алдахгүйн тулд нэг сумыг 1-2 секунд дотор гаргаснаар хурд нь таардаг. Тэгэхээр бэлтгэл хийхдээ өдөрт мянган сум гараасаа гаргаэ, харваж байж энэ хэмжээний чадвартай болдог гэж ярьдаг юм.
Бичлэг үзэх:
Мөн морин дээр мордоод шууд харвачихгүй, эхлээд л сумлах, дараа нь “точка”-ны, морьтой бэлтгэл гээд хэд хэдэн дамжлагатайгаар суралцдаг. Морь унахын тухайд гэхэд морио яг өөрийнхөө хоёр хөл шиг мэдэрдэг болсон цагт морь унаж сурлаа гэж үзнэ.
Ер нь хүнээс асар их тэвчээр, хүч, хурд, авхаалж шаарддаг спорт. Бас сэтгэл зүй чухал нөлөөтэй. “Би байгаа онох болов уу, багш юу гэж хэлэх бол, хүмүүс намайг харж байгаа болов уу” гээд өөр зүйлсэд сатаараад байвал амжилттай чаддаггүй. Тэгэхээр байндаа анхаараад яг голд нь онох тэр мэдрэмжийг авахын тулд тухайн мөчдөө төвлөрөх нь морьт харвааны гол онцлог.
-Дэлхий нийтээрээ морьтон монголчууд гэж мэддэг. Та гадаадын улс орноор явахдаа, тэмцээн уралдаанд оролцохдоо бусад орны хүмүүсийн хандлагыг хэрхэн мэдэрдэг вэ. Тэд монголчуудыг хэрхэн хүлээж авдаг бол?
-Миний хувьд тэмцээнд оролцохдоо үндэсний дээл хувцсаа иж бүрэн өмсөөд, эдлэл зүүсгэлдээ аль болох уламжлалт хэв маягаа шингээж хэрэглэхийг хичээдэг. Гэзгээ ургуулаад сураар сүлждэг, гараанаас хөдлөхдөө шонхрын дэвэлтээр давхиж ордог гээд монгол гэсэн ялгарлаа тодотгодог юм. Энэ маань олон хүнд таалагддаг.
Малайз, Казакстан, Иран, Араб, Хятад нэлээн хэдэн олон улсын чанартай тэмцээнээр явж байсан.
“Монгол тамирчин гарах гэж байна” гэхэд үзэгч олон талбай руу түрж орж ирээд, илүү чангаар дэмжиж уухайлах нь сонсогддог. Тэгээд хамгийн хурдан морьтойгоо давхиж ороод бүх байны 5 оноог нь түүгээд гарахад бүгд “аварга монгол, монголын аварга явж байна” гэж дууддаг. Монголын морьт харваачдын нэр хүнд дэлхийд дээгүүрт үнэлэгддэг юм шүү дээ.
Монголын хил даваад миний овог “Монгол” гэж өөрчлөгддөг. “Тэр монгол, монгол хүн явж байна” гэж хардаг. Тэгэхээр улсынхаа нэрийг аль болох сайхнаар сануулж үлдээхийг хүсдэг дээ.
-Та өөрөө залуу хүн учраас олон залуусыг энэ спортод дуртай болоосой гэж бодож байгаа байх. Шинэ үеийнхэн энэ спортыг хэр сонирхож байна вэ?
-Морьт харваа бол нас, хүйс эрэмбэ дараа харгалздаггүй. Эмэгтэй харваачид ч байна. Гэхдээ эрэгтэйчүүд илүү сонирхож байгаа харагддаг. 5-6 настай хүүхдүүд ч гэсэн харвааны тэмцээнд оролцох гээд ирчихсэн байгааг харж болно.
Морьт харваагаар хичээллэх гэхээр залуучууд “Би морь унаж мэдэхгүй юм чинь чадахгүй юм байна” гэж бодох гээд байдаг талтай. Заавал морь унадаг хүн л хичээллэнэ гэсэн үг биш шүү дээ.
Өөрөө үнэхээр сонирхолтой байгаад, хүсэл төрж байвал эхнээс нь морь унахыг сураад, дараа нь нум сумтай харилцаад, бэлтгэл хийе гэвэл бүх хүн чадна. Монголчууд маань илүү авьяастай, эв дүйгээ хурдан олдог гэж би боддог.
-Морьт харвааны замналаар цаашдаа мөрөөдөж, тэмүүлж яваа хамгийн том амжилт тань юу вэ?
-Өмнө нь би дэлхийн аваргын тэмцээнд оролцоод дээр очоод дутуу үлдээсэн нэг зүйл бий. Тэр нь дэлхийн аваргын гранпри алтан цомыг хараахан авч амжаагүй. Дээр өгүүлсэнчлэн манай багш бол энэ цомын дөрвөн удаа авчихсан. Би багшийнхаа хэмжээнд очихыг хүсдэг. Энэ бол миний дараагийн том зорилго, бас хариуцлага ч гэж бодож, бэлтгэж явна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.