Акулын арьснаас санаа авсан бүрхүүл онгоцны түлшийг хэдэн тэрбумаар хэмнэнэ

Б.Номин
06 сарын 16, 2025

Австралийн “MicroTau” компани онгоцны агаарын эсэргүүцлийг бууруулах зориулалттай, акулын арьснаас санаа аван хийсэн наалдамхай бүрхүүл бүтээжээ. Энэ бүрхүүл нь барзгар, зүлгүүр шиг бүтэцтэй байдаг нь агаарт илүү саадгүй урсах боломжийг олгоно хэмээн үзэж байгаа аж.

Акулын арьс нь маш жижиг ховилууд буюу “riblet” хэмээх микроскоп бүтэцтэй байдаг бөгөөд энэ нь акулыг бага энерги зарцуулж хурдан сэлэх боломжийг олгодог. Ийм ховилуудыг онгоцны гадаргуу дээр наалдамхай хальс ашиглан бүтээснээр агаарын урсгалыг жигд болгож, агаарын эсэргүүцлийг бууруулдаг байна.

MicroTau компани “Riblet Modification” буюу ховилт өөрчлөлтийн технологио онгоцны далавч, их бие болон сүүл хэсэгт байрлуулахад түлшний хэмнэлт дөрөв хүртэлх хувиар өсдөг хэмээн мэдэгдэж байна. 

“Дэлхийн агаарын тээврийн нийт салбарын хувьд энэ нь хэдэн тэрбумаар хэмжигдэх түлш хэмнэж, олон сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарахаас сэргийлэх боломжтой” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Саяхан “Delta Air Lines” компани "MicroTau"-тай гэрээ байгуулж, тус компанийн Boeing 767 онгоцнуудад Riblet технологийг туршиж эхэлжээ. Үүнийг нисэх онгоцны салбарын тогтвортой хөгжлийг хурдасгах зорилгоор “Инкубатор лаборатори”-ийн хүрээнд хийж байгаа бөгөөд уг лабораторид Airbus, Boeing, JetZero, мөн цахилгаан агаарын такси хөгжүүлдэг “Joby Aviation” (Охайо муж) зэрэг түншүүд багтдаг байна.

Агаарын тээврийн салбар байгалиас санаа авч, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шинэ арга замуудыг эрэлхийлсээр байгаа. Үүнд био түлш ашиглах, нүүдлийн шувууд шиг онгоц зохион бүтээх зэрэг санаанууд багтдаг. Энэ шинэ түншлэлийн хүрээнд “Micro Tau”-ийн бүтээгдэхүүн ямар хэмжээний түлш хэмнэж байгааг судалж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэг болгох зорилгод хувь нэмэр оруулах юм.

Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=cAV5zRVC8c8&t=6s

Холбоотой сэдвүүд

дэлхийд технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.