“Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс (ангараг)”  олон улсын (цахим хосолсон) хурал Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн (MARSA) санаачилгаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад зохион байгуулагдана. Тус хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. 

Хуралд сансрын судалгаа, тэр дундаа Марс гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Марс гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар оролцоно.

Марс гарагийг хүн төрөлхтөн мянга мянган жилийн тэргээгээс “нэрлэж” ирсэн бөгөөд 1610 онд шинжлэх ухааны төвшинд нээн илрүүлсэн байна. Улмаар 1960 оноос хойш дэлхийн улс орнууд технологийн аргаар идэвхтэй судалсаар байна. Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго оршино.

Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гарагийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв бол Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Японы болон Арабын Нэгдсэн Эмират Улсын “Марс” хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож “Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа” сэдвээр ярилцана.

Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс гараг дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож өөрсдийн туршлага, “Марсын үеийнхэн”сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлнэ.

Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс Сансрын технологи ба цахим шилжилт сэдвийн хүрээнд ярилцана.