Долоон жилийн өмнө "SpaceX" сансар судлалын компанийн хөөргөсөн пуужин гуравдугаар сарын 4-нд сартай мөргөлдөнө. 

Одон орон судлаач Билл Грэйн хэлснээр:

-"Пуужин тойрог замд ямар ч хяналтгүй хөвж байна. Гуравдугаар сарын 4-нд уг пуужин сартай 9000 километр цагийн хурдтай мөргөлдөх болно” гэжээ.

SpaceX компанийн 2015 онд хөөргөсөн “Falcon 9” пуужин тухайн үед даалгавраа амжилттай дуусгасан хэдий ч түлшний хомсдолоос болж эх дэлхийдээ буцаж ирж чадалгүй, сансрын хог болон хувирсан юм.

Одон орон судлаач сонирхогчдын нийгэмлэгээс пуужин сартай мөргөлдөх цагийг үнэн зөв тооцоолохын тулд ажиглалтад оролцсон аж.

Мөн Билл Грей цаашид хийх сансрын хөтөлбөрүүд нь тойрог замд дахь хог хаягдлыг нэмэгдүүлэх тул энэ мэт сартай мөргөлдөх тохиолдол олон удаа гарч болзошгүй хэмээн анхааруулсан байна.

Судлаачид энэ үйл явдлыг дэлхийд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж таамаглаж байна. 

Харвардын их сургуулийн астрофизикч Жонатан МакДауэлл:

"Тэд мөргөлдөх нь үнэн боловч огт ноцтой зүйл биш. Сар болон сансрын хаягдал мөргөлдсөн тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа тохиолдсон байж болзошгүй.

60-80-аад оны хооронд дэлхийн тойрог замд дор хаяж 50 объект хаягдсан ба тэдний зарим нь санамсаргүй байдлаар сартай мөргөлдсөн байж магадгүй” гэв.