УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.

Хуралдааны төгсгөлд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус хорооны дарга С.Даваасүрэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир байнгын хорооны гишүүдийн олонх нь хүсэлтийг нь дэмжсэн юм.

Улмаар Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн Байнгын хорооны тогтоолыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.

Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт дэвшүүлсний дагуу хэлэлцэж буй юм.

Саарал жагсаалтад орсон нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцоод өнгөрөх асуудал биш гэдэг байр суурийг ч зарим гишүүн, мэргэжилтнүүд илэрхийлээд байна.

Хуралдаанаас гэрэл зургаар хүргэж байна.

-Дээрх асуудалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн гаргасан мэдэгдлийг ЭНД

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.