УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцэо гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ дагуу дээрх асуудлыг хэлэлцэж буй юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энд иргэн Н.Баяртсайханыг муу, сайн ажилласан тухай ярьж буй биш. Монгол Улсын нийт эрх ашгийн үүднээс гадаад болон дотооддоо итгэл хүлээлгэх, зохистой хүлээлт бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлэх, мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах, рлрн улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, Монгол Улс бодитой шийдэмгий арга хэмжээ авч байна гэдгээ харуулах нь Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэж буй учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Монголбанкны Ерөнхийлөгч гурван жилийн хугацаанд сайн ажилласан. УИХ-ын дарга одоо Монголбанкны ерөнхийлөгчийг тавих гэж буй бол Н.Баяртсайханаас дутахааргүй хүн оруулж ирэх хэрэгтэй. Би Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Монголбанктай хоёр жил хамтарч ажилласан. Банкны бүхий л системийн асуудлуудыг чадахаас нь чадахгүйг хүртэл цэгцлэхийн төлөө явсан. 

Монголбанкын Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Өнөөдөр банкны салбарт үйлчилж буй бүх хуулинд бид өөрчлөлт оруулж шинэчилсэн. Би онгирч, бардамнаж байгаа юм биш, эдийн засгийн ямар ч салбар ингэж эдийн засгийн хууль эрхзүйн өөрчлөлт хийж чадаагүй. Харин банкны салбар бол чадсан. Энэ бол нэгдүгээрт тэмдэглэх зүйл. Хоёрдугаарт, намайг ажил авах үед Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэг тэрбум орчим ам.доллар байсан. Өнөөдөр 4 тэрбум ам.доллар болж, намайг ажиллах хугацаанд 4 дахин нэмэгдлээ" зэрэг хийж хэрэгжүүлсэн хэд хэдэн томоохон асуудлыг ам бардам хэллээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Тодруулахад, дээрх асуудалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн шударга ажилласнаа илэрхийлж, өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасныг тус байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./