Б.Баясгалан
05 сарын 21, 2019
Ардчилсан нам мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Манай улсын 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөө цаг үетэй харьцуулбал “ тэнгэр газар” шиг зөрүү бий. Өөрөөр хэлбэл, тэс хоёр өөр өгөгдөл буюу өмнөх нь уул уурхайгаас шалтгаалсан эдийн засаг, санхүүгийн хямралтай он жилүүд, харин өнөөгийнх нь экспортын бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, донор орнуудаас орж ирэх валютаар “хахсан” санхүүгийн нэн таатай үе юм.
Гэвч Монголбанкны хариуцдаг банк санхүүгийн үзүүлэлтүүд туйлын хангалтгүй байна.
Монголбанкны удирдлага энэхүү “унхиагүй” асуудлаа шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахын оронд “2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт 2017 оноос хойш чанаргүй зээл хэлбэрээр илэрч байна” хэмээн хариуцлагааас бултахыг оролджээ.
2019 оны санхүүгийн нөхцөл байдлыг 3-5 жилийн өмнөх үйл ажиллагаанд хамаатуулж тайлбарлах нь онолын, техникийн, логикийн хувьд ч боломжгүй юм.
2017 оны өндөр зардал гарган гадны аудитын байгууллагаар арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийлгэсний дараа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “банкны салбарын төлбөрийн чадвар бүхэлдээ тогтвортой, үйл ажиллагаа хэвийн байна” гэж бодит байдлыг илтэд гуйвуулсан мэдээллийн олон нийтэд хүргэж байв. Төлбөрийн чадварын хувьд хүндрэлд орсон банкинд хуулийн дагуу, цаг тухайд нь арга хэмжээ аваагүй улмаар “Капитал банк” дампуурч, төрийн сангууд болон иргэд аж ахуй нэгжийн асар их хэмжээний хөрөнгө эрсдэлд ороод байна.
Гэтэл ажлын өдөр бүр 17.00 цагт арилжааны банкуудын тайлан блансыг гаргуулж тооцоо хийж, хүлээн авах үүргийг хүлээсэн хяналт шалгалтын 200 орчим байцаагч Монголбанкинд ажиллаж байгаа. Тэднийг хянадаг удирдлага ч бий. Гэтэл банкны чанаргүй зээл 80 хувь хүртлээ өсч, алдагдал нь хэдэн зуун тэрбум төгрөгт хүрснийг мэдэхгүй “унтаж” байх боломжгүй. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан мөн. Ер нь цаашид хэдэн банк дампуурах, Монгол Улсын банк, санхүүгийн салбарт ямар эрсдэл учрах нь тодорхойгүй байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засаг, санхүүгийн хамгийн таатай нөхцөл бүрдсэн өнөө үед Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 4.1 дэх заалтад заасан “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн үндсэн үүргээ биелүүлэх нь бүү хэл улам дордуулсныг дээд дурдсан баримтууд нотолж байна.
Иймд хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдоржийн гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна.
АРДЧИЛСАН НАМ
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.