Баттулгын Сайнжаргал
05 сарын 16, 2021
Өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны Академи үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ой тохиож байна. Ийнхүү Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл нийт салбарын ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлжээ.
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарын ажилтнууд, эрдэм ухааныг эрхэмлэн дээдлэгч нийт зон олондоо Монгол Улсын Шинжлэх ухааны Академи үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Одоогоос яг нэгэн жарны тэртээ 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 118 дугаар зарлигаар Монгол улсад шинэ цагийн олон улсын жишгээр шинжлэх ухааны төв байгууллага Монгол Улсын ШУА байгуулсан нь эх орны хөгжил дэвшлийн түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Монгол Улсын ШУА, түүний үе үеийн эрдэмтэн судлаачид нэгэн жарны туршид эх орондоо орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг авчрах, эрдэм ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үйл хэргийг ямагт түүчээлэн манлайлж ирснийг түүхт ойн баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд нэн таатай байна. Улиран одож байгаа нэгэн жарны түүхэндээ манай ШУА нь орчин үеийн шинжлэх ухааны онол-практикийн олон салбарыг манлайлан хөгжүүлж ирсний зэрэгцээ Монгол Улсын Үндэсний номын сан, Үндэсний архив, хөдөө аж ахуйн болон анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей зэрэг үндэсний хэмжээний соёл, шинжлэх ухаан, түүхийн өв, түүхийн ой санамжийн олон байгууллагыг өөрийн хэвлийдээ үүсгэн бүрдүүлж, өсгөн бойжуулж, нас биед хүргэн нийгмийн амьдралд шилжүүлж өгсөн явдал бол Та бидний бас нэг бахархал мөнөөс мөн билээ.
Өнөөдөр Монгол Улсад Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг үр өгөөжтэй өрнүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт шинжлэх ухааны салбарын үүрэг улам бүр нэмэгдсээр байна. Судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүн, өгөгдөл ийнхүү нийгмийн үнэт баялаг болж буй түүхэн энэ цаг үед Эх орныхоо хөгжлийн төлөө эрдэм ухаанаа улам дайчлан, мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг ШУА-ийн нийт гишүүд-академич нар, тус салбарт цаг наргүй оюуны хөдөлмөр эрхлэгч эрдэмтэн судлаачиддаа уриалж байна.
Номын нөхөд эрхэм Та бүхэндээ Монгол улсад Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан шинэ эрч хүч, бүтээх урам зориг, ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, аз жаргалтай байж, эрдэм номын эхлэл төгсгөлгүй их аяндаа олз омог арвин байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Эрдэм номын хишиг буян арвижин дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.