Шинэ арьсаар үрчлээтэй тэмцэх нь

Г.Сайнзаяа
04 сарын 14, 2019

Үүнийг анх сонсоход уран зөгнөл шиг санагдаж магадгүй. Нүүрний арьсан дээр түрхдэг үл харагдагч хальс таны арьсыг залуужуулан, уян зөөлөн болгох аж. Үүгээр ч зогсохгүй үрчлээ ор мөргүй алга болно. Харвард болон Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэд үүнийг боломжтой гэдгийг тогтоосон байна. Эрдэмтэд хоёрдогч арьс”-ыг Америкийн хүнс болон эм судлалын нийгэмлэгээс аюулгүй хэмээн тодорхойлсон химийн нийтлэг элементээс гарган авсан аж. Энэ талаар Nature Materials сэтгүүлд нийтэлжээ. Үүнд, “Хоёрдогч арьс”-ны урьдчилсан шатны туршилтаар оролцогчдын арьсанд сөрөг нөлөө огт илрээгүй гэв.

Нүдний доод уутанцар бол зөвхөн эхлэл. Та нарны тосонд хальсаа дэвтээгээд л ус, хөлсөнд норж арилахвий гэж санаа зовохгүйгээр хамгаалагдана. Түүнчлэн экзема, хайрст үлд болон арьсны бусад үрэвслээс болж хуурайшиж, загатнасан хэсгийг чийгшүүлэн, зөөлрүүлж эдгээх боломжтойг эрдэмтэд хэллээ.

“Хоёрдогч арьс”-ийг полимерийг бүрдүүлэгч силоксан гэх химийн нэгдлээр бүтээжээ. Эрдэмтэд молекулын гинжин холбооны уртыг өөрчлөх зэргээр шинж чанарыг нь хувиргаж, силоксаны цөм бүрдүүлснээр хүссэн үр дүндээ хүрсэн байна. Дараа нь тэд хоёр алхамтай үйл явц зохиожээ. Нэгдүгээрт, полимер гэх цэвэр шингэнийг нэмнэ. Үүний гинжин холбоо сул болохоор салгахгүйн тулд дараагийн алхмаар нэмэлт бүтээгдэхүүн хийнэ. 

Экзема, хайрст үлд болон арьсны бусад үрэвслээс болж хуурайшиж, загатнасан хэсгийг чийгшүүлэн, зөөлрүүлж эдгээх боломжтойг эрдэмтэд хэллээ.

Судлаачид “хоёрдогч арьс”-ны төлөв байдлыг өөрчилж, илүү эсвэл бага нэвчимтгий болгох боломжтой. Учир нь илүү нэвчимтгий хоёрдогч арьсыг нүдний доод уутанцарт хэрэглэж, бага нэвчимтгий арьсыг үрэвслийн эмчилгээнд ашиглахад тохиромжтой аж. Полимерийг задалдаг тусгай шингэнээр хальсыг хуулж болно.

Энэхүү судалгааны багийг Living Proof  гэх биотехнологийн жижигхэн, хувийн компаниас санхүүжүүлжээ. Харин патентыг эзэмшигч Olivo компани бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийж байна. Дээрх хоёр компани олон хүний сонирхлыг татаж буй. Маркетингийн ажил эхлэхээс өмнө баримт, мэдээлэл хангалттай цуглуулах шаардлагатайг судлаачид хэллээ.

Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн биохимийн инженерийн багш Гордана Вуньяк-Новакович “Би үүнийг тун гайхалтай ололт гэж бодож байна. Эдгээр эрдэмтэн залуу бас эрүүл арьсны шинж чанарыг нэгтгэсэн ухаалаг био материалын загвар бүтээжээ. Үүнийг хөгширсөн, үрчлээтсэн арьсан дээр шархны лент шиг наагаад л гайхалтай үр дүнд хүрч болох нь ээ” гэсэн юм.

Харвардын Анагаах ухааны сургуулийн дерматологич, доктор профессор Рокс Андерсон 10-аад жилийн өмнө полимерийг үс арчилгааны бүтээгдэхүүнд ашиглахаар ажиллаж байжээ. Тухайн үед Living Proof-ээс Рокс Андерсонд хүсэлт тавьж, хоёрдогч арьсны санаа анх гарсан байна.

Мөн нас явах тусам хуурайшдаг арьс болон экзематай хэсгийг эмчлэх зориулалтаар ч үйлдвэрлэнэ. 

Доктор Андерсон компанийн удирдлагуудаас “Полимерийг арьсан дээр тавьж, уян зөөлөн байдлыг нь сэргээж болохгүй гэж үү?” хэмээн асуусан гэдэг. Тэрбээр үүний тулд шаардлагатай шинж чанаруудыг жагсаасан нь “Нүдэнд үл харагдам байх ёстой. Арьс уг хальсны цаанаас амьсгалах хэрэгтэй. Түүнчлэн үрчлээг арилгах хангалттай чадалтай хэрнээ уян хатан байх ёстой” зэрэг байв. Улмаар био-анагаахын инженер, M.I.T-гийн доктор Роберт Лангер  Living Proof компанийг үүсгэн байгуулагч энэ талаар судалгаа хийж эхэлжээ. Тэрбээр “Бид аюулгүй байдал, тархах чадвар, барьцалдах чанар, механик болон харахад тохиромжтой байдлыг эрэлхийлсэн” хэмээсэн.

Энэхүү “арьс”-ны үйлчилгээ нэг өдрийн хугацаатай. Дунд хэргэм насны олон эмэгтэйн хувьд нүдний доод уутанцарт асуудал үүсгэдэг. Тиймээс эхний ээлжид үүнд зориулсан бүтээгдэхүүн гаргана гэж судалгааны багийн гишүүн, доктор Барбара А. Гилкрист хэллээ. Мөн нас явах тусам хуурайшдаг арьс болон экзематай хэсгийг эмчлэх зориулалтаар ч үйлдвэрлэнэ. 

“Бид хүмүүст арьсаа чийгтэй алчуураар шавшаад гүн чийгшүүлэгч түрхэхийг зөвлөдөг ч богино хугацаанд л үр дүн нь үйлчилдэг” гэж доктор Гилкрист ярив. Түүнчлэн судалгааны багийн эрдэмтэд гидрокортизон зэрэг эмтэй тосыг арьсан дээр удаан тогтоох арга хайж байгаа аж. Одоогийн байдлаар ийм төрлийн тосыг түрхэхэд, 10 хувь нь л арьсанд шингэж, үлдсэн 90 хувь нь хувцас болон дэрэнд наалдаж үлддэг байна. Харвардын их сургуулийн коллеги, доктор Мэттью Аврам тус компанийн үйл ажиллагаатай холбоогүй ч туршилтад орж, хоёрдогч арьсыг туршиж үзжээ. Тэрбээр “Энэ үнэхээр үр дүнтэй юм. Өөрийгөө нүдэн доороо уутанцартай байсныг мэдээд сэтгэлээр бага зэрэг уналаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Холбоотой сэдвүүд

шинжлэхухаан хүнийарьс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.