Ц.Оюунсүрэн: Хавдар үүсэхэд хувь хүний генетик хүчин зүйлс, удамшлын онцлог, дархлааны систем ихээхэн нөлөөтэй байдаг

Б.Баясгалан
01 сарын 10, 2022

Монгол Улсын ШУА-ийн 57 гишүүний эгнээнд одоогоор 3 эмэгтэй академич байгаагийн нэг  ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнд генетикч Цэндсүрэнгийн Оюунсүрэн доктор юм. 

Шинжлэх ухааныг түүчээлж салбартаа 43 жил ажиллаж байгаа Ц.Оюунсүрэн эрдэмтэн 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич  хэргэм” цол хүртсэн ба Монголын түүхэнд бичигдсэн 84 дэх академич юм.

Түүний аав А.Цэндсүрэн манай анхны биологичдын нэг, шавьж судлаач, МУИС-ийн профессор багш байсан. 1973 онд Ленинградад шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бол ээж Д.Нацагмаа Москвад эм зүйн мэргэжил эзэмшсэн шинжлэх ухааны анагаахын салбарынх гэж тодотговол Ц.Оюунсүрэн академич удам дамжсан эрдэмтэн болно.

Монголд анхны Генетикийн лаборатори 1969 онд байгуулагдаж, өнөөдрийг хүртлэх хугацаанд манай анхны генетикчид судалгаа шинжилгээний ажлын эхлэл, лабораторийн дэд бүтцийг хөгжүүлсэн ба генетик, молекул биологийн 200 гаруй мэргэжилтний нэг нь Ц.Оюунсүрэн.

Академич маань судалгааны ажлаас гадна оюутнуудад генетик, молекул биологийн лекц уншиж,  диплом ажлын удирдагч, лабораторид дадлагажуулж залгамж халаа, холбоог үргэжлжүүлж явна. Судлаач шавь нараас өнөөдөр 30 орчим нь өндөр хөгжилтэй орны лабораторид амжилттай ажиллаж, суралцсанаас докторын зэрэг хамгаалсан нь олонх ажээ.  

-Танд генетикийн салбарын 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Энэ тэмдэглэлт ойн хүрээнд төлөвлөсөн ажлаа амжуулж чадсан уу?

-Баярлалаа. Бид 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад генетикийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөн түүхэн замнал, ололт амжилт, цаашдын зорилго, чиглэлийг тодорхойлох Эрдэм шинжилгээний хурлыг шавь нартайгаа хамтран зохион байгууллаа. 

Манай зарим хүрээлэнгүүд, МУИС, АШУИС, АУХүрээлэн, ХААИС, МЭХ, ХӨСҮТ,  “Гял”с төв, “Монос Фарм”, зэрэг 10 гаруй байгууллага, их дээд сургуулийн багш, судлаач оюутан, эрдэмтэд  оролцож олон сайхан илтгэл хэлэлцүүлсэн. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд ахмад, дунд, залуу үеийн олон  генетикчид оролцсон. Ерөөс олон хүнд  ирээдүйн  эрдмийн ажлын  амжилтын итгэл найдвар, баяр баясал,  сайхан дурсамж, алсын гэрэл гэгээ авчирсан  арга хэмжээ болсон учир бид ч төлөвлөсөн, зорьсон ажлаа амжилттай амжуулсан гэж бодож байна.  

-“Би” хэмээх судлаачаас “бие” хэмээх академич Оюунсүрэнг төлөвшүүлсэн хүүхэд насаа Та эргэн дурсана уу?

-Хүүхэд нас үнэхээр аз жаргалтай сайхан үе шүү дээ. Ялангуяа МУИС-ийн “хаяанд” өсөж хүмүүжсэндээ үргэлж бахархдаг. Аав, ээжийн найзууд уран зохиолын ном их уншина, орос хэлд суралцаж, ном хаялцдаг хүмүүс байсан нь тэр үеийн бидэнд их нөлөөлсөн гэж боддог. МУИС-ийн багш нарын байрнаас хамтдаа өссөн миний үеийнхнээс академич Т.Галбаатар, биологич, доктор Ш.Болдбаатар, түүхч, доктор Ж.Бор гээд олон эрдэмтэд төрсөн.  

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг дээ, өнөөдрийн Оюунсүрэн болоход миний бага, сурагч насны өссөн орчин их нөлөөлсөн. Олон янзын зүйл сонирхдог, нэлээд биеэ даасан, бусдыг “уриалах” дуртай, айлын том гээд чамгүй эрх хүүхэд байсан гэж одоо бодогддог.  Нийслэлийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн онц сурлагатан, ангийн дарга, пионерийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга зэрэг “ажилтай” байв. Манай ангийнхан маш идэвхтэй, сурлага сайтай, ангиараа ямагт уралдаан тэмцээнд тэргүүлэгч байсан. 8 дугаар ангидаа 28-уулаа ЗХУ-ын хүүхдийн “Артек” пионерийн зусланд 4 долоо хоног амарч байсан нь одоо ч санаанд байдаг.


1976 онд ЗХУ-ын Одессын их сургуулийг онц дүнтэй төгсөж, аспирантурт сурах тодорхойлолттой ирж, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн тасагт орсноор миний эрдэм судлалын ажлын гараа эхэлсэн. Тэр жилийнхээ өвөл аспирантурын шалгалтад тэнцэж, БНУАУ-д суралцах болсон. Гэхдээ ээж болоод 2 жилийн дараа аспирантуртаа явсан. Энэ л миний цаашдын  эрдэм шинжилгээний ажлын амжилтын эхлэл байсан  гэж боддог.

-Таны генетикч болсон нь шалтгаантай байв уу, эсвэл өнөөдрийн академичийг бүтээлцсэн нь санаадгүй сонголт байв уу?


-Би уг нь астрономич болно гэж мөрөөддөг байсан. 10 жилийн дурсгалын дэвтэрт манай ангийнхан 30 жилийн дараа миний “нээсэн” од гаригт уулзана гэх мэт бичсэн нь одоо ч надад бий. Харин намайг төгсөх жил манай сургуульд астрономичийн хуваарь ирээгүй тул хэд хоног хэцүү байдалтай байсан. Сургуулиас “Макроскопоор харах хуваарь байхгүй байна, харин микроскопоор хардаг сайхан мэргэжил” сонго гэж “Цитология и Генетика” гэсэн хуваарь өгсөн. Энэ юу хийдэг мэргэжил  вэ гэсэн миний асуултад чиний сонирхсонтой яг адилхан дурангаар харна, гэхдээ жижиг дурангаар, сайн сурвал судлаач, эрдэмтэн болдог гэхээр нь шууд авчихсан. 

Тэр үед манай аав ч, ээж ч оюутнууд аваад хөдөө дадлагад явж таарсан тул зөвлөлдөж чадалгүй, аав, ээж шигээ хүн болно гэж бодоод өөрөө өөрийнхөө хувь заяаг шийдчихсэн нь зөв байж дээ гэж бодогддог юм. Оюутны 2-р курсээсээ төгсөх хүртлээ генетикч, цитологич багшийнхаа лаборант, туслах  ажилтнаар ажиллаж, мэргэжлээ илүү сайн мэдэрч, ойлгож, мэргэжилдээ үнэхээр дуртай болсон.


-Генийн судалгааны түвшинд шинжлэх ухааны ялангуяа биологи, анагаахын ээдрээтэй асуудлын зангилаа тайлагддаг. Генетикийн хөгжлийн өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн Таны судалгааны ажлын онцлог юу вэ?

-Орчин үед генетикийн шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж олон шинэ судалгааны үр дүнд нээлтүүд гарч улмаар тэдгээр ололт амжилтыг хүн, байгалийн сайн сайхны төлөө ашиглаж байна.  Тэдгээр нь биологийн болон бусад шинжлэх ухааны салбарын хөгжилд ч ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Төгсөж ирээд ургамлын генетикийн чиглэлээр судалгааны ажлаа эхлүүлж байв. Дараа нь хромосомын чиглэлээр ажиллаж дэд докторын зэргээ хамгаалсан. 

Харин шинжлэх ухааны докторын ажил маань молекул генетикийн, генийн түвшний ажил байв.  Өөрөөр хэлбэл, генетикийн ололт амжилтыг өөрийн судалгаандаа нэвтрүүлж шинэ чиглэлийн дэвшилтэт арга зүй ашигласан судалгааны ажлууд хийж ирсэн. Бид генетикийн шинжлэх ухааны орчин үеийн түвшний судалгаа хийж байж л дэлхийн оюуны ертөнцөд үнэлэгдэж амжилтад хүрнэ гэж бодож ажилладаг.

-Өнөөдрийн шинжлэх ухааны салбарын хүний нөөц хэр байна. Та хүлээлт үүсгэсэн монгол эрдэмтдийн дотоодын болон гаднын хамгийн том судалгааны ажлыг дурдаж болох уу?

-Орчин үеийн генетикийн шинжлэх ухаан нь генийн инженерчлэл, биотехнологийн онолын үндэс  болохоос гадна аливаа эс, эд, бодгальд явагдах биологийн үйл явц процессын удамших, хувьсах зүй тогтлыг эс, ген, молекулын түвшинд судалж байна. Энэ чиглэлээр маш эрчимтэй судалгаа хийгдэж олон ч нээлт гарч байна.

Сүүлийн жилүүдийн анагаах ухаан, физиологийн салбарын  Нобелийн шагналт ажлуудын ихэнх нь  молекул биологи, генетикийн судалгаанууд байгаа нь үүний жишээ юм.


Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад судлаач мэргэжилтэн бэлтгэхэд ахиц гарч байгаа ч эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахгүй байна. Мөн биотехнологийн R&D хөгжүүлэх талаар төдийлөн анхаараагүй, энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас орчин үеийн биотехнологийн судалгаа шинжилгээ, түүний дэд бүтэц хөгжих боломж бараг бүрдээгүй өдий хүрчээ. Иймээс “оюуны их нүүдэл” болж манай олон сайн эрдэмтэн залуучууд гадаад орны хүрээлэн, лабораторид ажиллах болсон нь харамсалтай.

Хамгийн том судалгааны ажил гэж тодотгоход хэцүү. Сүүлийн 30-аад жил гадаадын хамтарсан тухайлбал, Японы эрдэмтэдтэй хэрэгжүүлсэн судалгааны ажил гүйцэтгэж, төслийн удирдагчаар ажиллаж байна. Хоёр орны хамтын ажиллагаанаас гадна хэд хэдэн орныг хамарсан төслүүд байна. Нэлээдгүй жил Азийн олон орны оролцоотой бүсийн төслийн зохицуулагчаар ажилласан.



-Та одоо судалгааны ямар ажил дээр анхаарал хандуулж байна. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Манай молекул биологийн лаборатори 20  орчим  жил Монгол хүн амын дунд тархсан Хепатитийн В, С, Д вирус, тэдгээрийн молекул генетик онцлогийг тодорхойлох чиглэлээр судалгааны ажил хийсэн, энэ хооронд зарим ургамлын, монгол адууны, монгол хүний генетикийн чиглэлээр судалгааны ажлууд ч хийж байв. Тэдгээрийн үр дүнд тулгуурлан 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад, дотоодод нийтлүүлснээс гадна мэргэжлийн хэдэн ном гаргасан.

Одоо монгол хүн амын дунд элэгний хавдрын тохиолдол ихээхэн байгаагийн учир шалтгааныг тодорхойлох зорилгоор хавдар үүсэх генетик, молекул шалтгаан, механизмын чиглэлээр судалгааны төсөл удирдан ажиллаж байна. 

Энэ нь дээрх олон жилийн  ажлын арай өөр түвшний үргэлжлэл юм. Хавдар үүсэхэд хувь хүний генетик хүчин зүйлс, удамшлын онцлог, дархлааны систем ихээхэн нөлөөтэй байдаг. Бид эдгээр судалгааны ажлуудаа дотоод, гадаадын  хамтын ажиллагааны хүрээнд молекул биологи, молекул генетикийн орчин үеийн аргазүй ашиглан хийж байна.

Молекул генетикийн лабораторийн эрхлэгчээр 32 жил ажиллаад өнгөрсөн жил өөрийн шавь, Японд доктор хамгаалж, АНУ-д ажиллаж байгаад ирсэн доктор Д.Гантулгад Лабораторийн эрхлэгчийн ажлаа өгч ачаалал багассан ч, сэдэвт ажлын удирдагчаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа тул нэлээд завгүй ажилладаг.  

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эцсийн зорилгодоо хүрсний дараа нэг сэдэвт ажил хаагддаг ч дахин тайлшгүй асуудал үлддэг. Хүлээн зөвшөөрөгдсөн цөөн тооны эмэгтэй академичийн хувьд Танд баримталдаг зарчим бий юу?


-Манайд судлаачдын академик эрх чөлөөнд тулгуурлан батлагдсан шинжлэх ухааны онолын болон суурь судалгааны ажлууд нэлээд хийгдэж байна. Гэхдээ тэдгээр нь шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлагад нийцсэн, тухайн шинжлэх ухааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж түүний тулгамдсан асуудлыг шийддэг, шинэ мэдлэгийг бий болгож шинжлэх ухааны ажлын үнэ цэнийг дээшлүүлдэг байх нь чухал.

Судлаач тухайн цаг үед шаардлагатай судалгааг санаачлан, эсвэл захиалгаар хийх хэдий ч   аливаа эрдэм судлалын ажил нь судлаачаас асар их мэдлэг, хариуцлагыг шаарддаг, шинжлэх ухааны ёс зүйн хүрээнд хийгддэг, орчин үеийн аргазүй ашигласан үр дүнтэй байх ёстой гэж ойлгодог. Энэ зарчмаар ажиллахыг хичээдэг. 

Үүнээс гадна  шинжлэх ухааны ажлын үр дүн  хаана ч, аль ч улс оронд  нэг л зарчмаар үнэлэгдэж хэмжигдэж байх, ерөөс бид дэлхийн шинжлэх ухааны зарчмаар ажилладаг байх нь чухал. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ажил дэлхийн түвшнийх байх ёстой. Мөн тухайн улс орны онцлогт тохирсон, шаардлага бүхий судалгааны ажлууд ч байна. Тэдгээрийг тухай бүрт нь чанартай, гүйцэтгэл өндөр, асуудлыг цаг алдалгүй шийдсэн байхыг эрхэмлэдэг.

Холбоотой сэдвүүд

академич шинжлэхухаан

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.