Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өчигдөр /10.24/ эдийн засгийн сэтгүүлчидтэй хоёр дахь жилдээ зангиагүй уулзлаа. Уг уулзалтаар 2018 онд хийсэн онцлох ажлаа тайлагнаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс Засгийн газрын баталгаагүй босгосон бондын талаар тодорхой мэдээлэл өгч, сэтгүүлчидийн сонирхсон асуултад хариулав.

ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

2017-2018 онд Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлтийн  жил байсан боловч МУХБ-ны зүгээс үүссэн нөхцөл байдалд шинжилгээ хийж, банкныхаа эрх зүйн орчинг сайжруулах, харилцагчдын итгэлийг сэргээх, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж тодорхой эерэг үр дүнд хүрч чадсан. Үүнд:
 

  • Банкны эрх зүйн шинэ орчинд  бие даасан, хараат бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болов.
  • Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой  хариуцлагатай жил байсан бөгөөд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулан нийт 1 тэрбум 22 сая ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай хийж,  олон улсын  санхүүгийн зах зээлд  Монгол Улсын болон Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндийг бататгаж чадсан.
  • Төсөл, хөтөлбөрүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг хангуулан, санхүүжилтийн үйл ажиллагааг  зохион байгуулж чадсанаар  2017-2018 онд нийт 1 их наяд 7 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, 861 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг  дэмжих  хүрээнд олгов.
  • Үйл ажиллагаандаа санхүүгийн бусад хэрэгслүүд  болох санхүүгийн лизинг, хөрөнгө оруулалт, батлан даалтын механизмуудыг ашиглах боломжтой болж Ди Би Эм Лизинг ХХК, Ди Би Эм Ассет менежмент ХХК-дыг байгуулж тодорхой үр дүнд хүрэв.
  • Өнгөрсөн хугацаанд банкны хөрвөх чадварын найдвартай байдлыг хангах, гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг төлөх зорилгоор Засгийн газрын баталгаагүй 110 гаруй сая ам.доллар болон шинээр 500 сая ам долларын эх үүсвэрийг бүрдүүлээд байна.
  • Сүүлийн 7 улирлын туршид банкны актив хөрөнгийн хэмжээ 3.4-3.9 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрээд байна.
  • Шинээр арилжаалсан бондын хөрөнгө болон бусад татан төвлөрүүлж буй богино, урт хугацааны эх үүсвэрүүдийн нөлөөгөөр 2018 оны сүүл рүү актив хөрөнгийн хэмжээ өсч, 3.8-4.0 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэхээр байна.
  • БОНДЫН ТАЛААР
     
    Монгол Улсын Хөгжлийн банк 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай, 7.25% купонтой, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжааллаа.

    Хөрөнгө оруулагч нар газар зүйн байрлалын хувьд Америк (39%), Eвроп (37%), Ази (24%) оролцсон бөгөөд дийлэнх буюу 86% нь Активын удирдлагын компаниуд оролцсон. Нийт захиалгын түвшин Нью-Йоркын зах нээснээр  4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байсан. Олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтоож чадсан нь Монгол Улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон. Ийнхүү бонд амжилттай арилжаалсан нь улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэгээр нөлөөлөв.

    Монгол Улсад болоод хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл сул байгаа өнөө үед бонд арилжаалж, доогуур хүүтэй эх үүсвэр бүрдүүлсэн, хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс 8 дахин давж биелсэн нь Улсад болоод дотоодын аж ахуй нэгжүүдэд гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөхүйц жишиг хэлцэл боллоо.
     

    САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД
     
    Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2017-2018 онд Засгийн газраас баталсан ноолуур хөтөлбөр, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллалаа.

    1. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд МУХБ-наас шууд санхүүжүүлсэн 6 аж ахуйн нэгж, арилжааны таван банкаар дамжуулаад 14, нийтдээ 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр хангаж, 200 гаруй тэрбум төгрөгийн ноолууран бүтээгдэхүүнийг экспортолсон байна. 

    2. ТЭЦ 4-ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртэлх хугацаагаар олгоно. Энэ онд эхний ээлжинд ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам долларыг  үе шаттайгаар авч санхүүжүүлж байна.

    3. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлууд Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэнэ. Тус ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг, одоогийн байдлаар олгосон санхүүжилт 28.6 тэрбум төгрөг, дэд бүтцийн ажлыг 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн. 

    4. “Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 740 гаруй техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн  230 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.

    5. “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд болон тэдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулсан бөгөөд тус сангаар дамжуулан эхний ээлжинд 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн хөрөнгө оруулалтыг тодорхой шалгуур хангасан, санхүүгийн болон эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийсэн төслүүд нь амжилттай хэрэгжиж эхлэх үед гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад тус санд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн ашигтай төслүүдээс өгөөж хүртэх боломжийг бий болгох юм.

    6. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор ТОСК ТӨҮГ-ын захиалгаар баригдаж байсан Буянт-Ухаа 2 хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг МУХБ-ны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэсэн. ТОСК ТӨҮГ-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг МУХБ-ны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Тус барилгуудыг ашиглалтанд ормогц 100% Түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ.