Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрчээ

Peak.mn
08 сарын 27, 2026

Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилийн байдлаар 566.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Монгол Улс гадаад орнуудтай хийсэн бүх орлого, зарлагын гүйлгээгээ нэгтгэн харуулсан статистик буюу төлбөрийн тэнцэл нь 

·бараа, үйлчилгээний экспорт, импорт,

·анхдагч орлого болох гадаадаас авч, гадаадад төлсөн цалин, зээлийн хүү, ногдол ашиг зэрэг орлого,

·хоёрдогч орлого буюу иргэдийн мөнгөн шилжүүлэг, буцалтгүй тусламж,

·санхүүгийн хөрөнгө оруулалт гэж үзэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтууд багтаасан дүнг нэгтгэсэн үзүүлэлт юм. 


Төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? 

Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжирсан нь барааны дансны ашиг нэмэгдсэнтэй холбоотой. Барааны дансны ашиг 2025 оны эхний хагас жил 721 сая ам.доллар байсан бол 2026 оны мөн үед 4.5 тэрбум ам.долларт хүрч, 3.8 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд экспортын орлого эрс нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт 4.6 тэрбум ам.доллар, чулуун нүүрсний экспорт 3.9 тэрбум ам.доллар хүрч, тус хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийлээд өмнөх оны мөн үеэс 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 590 сая ам.доллароор өссөн бөгөөд энэ нь гол төлөв нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Харин үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор нэмэгдэж, урсгал дансанд сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний тодорхой хэсэг нь Монгол Улсын иргэдийн гадаадад суралцах, эмчлүүлэх, аялж жуулчлахтай холбоотой зардал нэмэгдсэнээс үүдсэн байна.

Мөн анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Гэхдээ энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид 1.4 тэрбум ам.долларыг бүхэлд нь Монгол Улсаас бэлэн эсвэл бэлэн бус хэлбэрээр шууд гаргасан гэсэн ойлголт биш. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдэхэд тухайн ашгийн тодорхой хэсэг нь ногдол ашиг хэлбэрээр гадагш шилжих, харин нөгөө хэсэг нь компанид үлдэж дахин хөрөнгө оруулалт болох боломжтой. Манай улсын хувьд энэхүү 1.4 тэрбум ам.долларыг тухайн компанид дахин хөрөнгө оруулсан байна. 

Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан боловч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллар буюу 51 хувиар буурсан байна. Үүнд Оюу Толгой компани экспортын борлуулалтын орлогоосоо гадаад өр төлбөрт нийт 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлжээ. Энэхүү эргэн төлөлт нь санхүүгийн дансны гарах урсгалыг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг 2 тэрбум ам.доллароор бууруулсан эерэг үр дүн юм.

Санхүүгийн дансыг бүрэлдэхүүнээр нь харвал:

Шууд хөрөнгө оруулалт — 1.2 тэрбум ам.долларын цэвэр орох урсгал,

Багцын хөрөнгө оруулалт — 147 сая ам.долларын цэвэр орох урсгалтай байсан бол,

Бусад хөрөнгө оруулалт — 682 сая ам.долларын цэвэр гарах урсгалтай байна.

Эндээс харахад 2026 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн дүр зураг нь экспорт өсөж, барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн явдал юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2025 оны эцэст 7.0 тэрбум ам.доллар байсан бол 2026 оны 6 дугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулахад голлон нөлөөлж байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.