Д.Жаргалсайхан: Бэлчээрээ хамгаалъя гэвэл асуудлыг ерөнхийлөн дүгнэх бус, цаад шалтгааныг нь оношлох хэрэгтэй

Системийн инженерчлэлийн институтын тэргүүн Д.Жаргалсайхантай бэлчээр, газрын доройтлын шалтгааныг датагаар оношлох боломж болон тэдний боловсруулж буй системийн загварын талаар ярилцлаа. Тэрбээр энэхүү загвараа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр  танилцуулсан билээ.

–Ярилцлагаа “Бэлчээр гэж юу вэ?” гэсэн асуултаас эхэлье?

–Бид “бэлчээр” гэдэг үгийг өргөн хэрэглэдэг ч маш өнгөц ойлгож байна. Монгол хэлний тайлбар толиудаас харахад газрын өнгөн хөрс, эсвэл ургамалтай газар гэсэн утгаар тайлбарлажээ.

Гэтэл бэлчээр гэдэг нь хөрс, ургамал төдий зүйл биш. Хөрс, ус, нарны гэрэл, дулаан, ургамлын үндэс, мөөгөнцөр, шавж гээд бүгд хоорондоо уялдаатай. Жинхэнэ утгаараа систем ажиллаж байна гэсэн үг.

Үүнийг системийн түвшинд ойлголгүйгээр “бэлчээрээ сайжруулна”, “доройтлоос хамгаална” гэж ярих нь учир дутагдалтай юм. Тиймээс эхний ээлжинд бэлчээр гэж чухам юуг ойлгохоо нэг мөр болгож, албажуулах шаардлагатай. Ядаж л монголчууд бид бэлчээрийн талаар нэгдэл ойлголттой болмоор байна шүү дээ.

Ойлголтоо нэг болгосны дараа ярилцвал илүү бодит шийдэл гарах боломжтой.


Тэгэхгүйгээр бэлчээрийн асуудалд буруутан олохдоо л сайн улс болчихлоо. Зарим нь малчнаа, уул уурхай, чоно, ямаагаа хүртэл буруутгаж байна шүү дээ. Юм л бол буруутан олж нэр хоч өгөхөөс илүү шийдэл рүү л чиглэхийн тулд асуудлаа оношломоор байгаа юм.

–Олон улсад бэлчээрийг хэрхэн ойлгож, судалж байна вэ?

–Олон улсад “rangeland” гэсэн ойлголтыг аль хэдийн цогцоор нь авч үзэх хандлагатай болсон байна. Үүнийг зөвхөн ургамал, ус, эсвэл хөрсний эрдсээр нь төсөөлөх боломжгүй. Бүгдийг нэг бүхэл систем гэж үзэж байж шийдэл гаргана гэсэн сэтгэлгээний том өөрчлөлт явагдаж байгаад олзуурхлаа.

Монгол Улс ч энэ чиг хандлагаас хоцрохгүйгээр бэлчээрийнхээ нэгдсэн тодорхойлолтыг бий болгож, түүнд тулгуурласан бодлого, шийдэл боловсруулах хэрэгтэй. Ингээгүй цагт “бэлчээр цөлжлөө, доройтлоо” гэж ерөнхий яриад өнгөрнө.

–Таны судалгаа анхаарал татаж байв. Судалгаагаа танилцуулахгүй юу?

–“Үржил шимтэй газрыг системийн аргаар загварчлах нь” сэдвээр танилцуулга хийсэн. Манай баг газрыг зөвхөн хоёр хэмжээсээр бус, орон зай болон цаг хугацааг хамруулсан дөрвөн хэмжээст системийн загварт оруулах боломжийг судалж байна.

Цаашид судалгаагүйгээр шууд л мод авчирч суулгаад, услаад байж болохгүй. Тэнд мод ургах хөрс байна уу, шаардлагатай чийг, нар, салхи, бичил биетний орчин бүрдсэн үү гэдгийг мэдэж байж тарих ёстой юм. Дата өгөгдөл дээр шийдвэр гаргаж бэлчээрээ хамгаална гэсэн үг. Ингэх асуудлаа таниагүй  цагт хөрөнгө оруулалт ямар ч үр дүнгүй болох ч эрсдэлтэй.

–Газрыг системийн загварт оруулахын хамгийн гол давуу тал юу вэ?

–Газрын шинж чанарыг дижитал системд оруулж, хиймэл оюун ашиглан үнэлэх, хэмжих боломж бүрдэнэ. Манай боловсруулж буй загварт байгалийн хүчин зүйлсийг 24 үзүүлэлтээр, байгалийн нөлөөгөөр бүрэлдсэн газрын үржил шимийг арав орчим үзүүлэлтээр хэмжихээр тусгасан. Нийтдээ 30 гаруй үзүүлэлтийг хооронд нь уялдуулан үнэлж байна.

Бид цоо шинэ үзүүлэлт зохиогоогүй. Олон улсын эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгддэг үзүүлэлтүүдээс сонгон авч, тэдгээрийг нэг системд уялдуулсан.

–Энэ загвараа туршиж үзэв үү
–Дундговь аймгийн Дэрэн сумын газар нутаг болон цаг ууртай холбоотой дата, мэдээллийг цуглуулж, индекс тооцон жижиг туршилтын төсөл хэрэгжүүлсэн. Урьдчилсан байдлаар боломжтой үр дүн гарсан.

Гэхдээ загвар маань төгс болоогүй. Тиймээс аргачлал болон системийн загварыг цааш сайжруулах чиглэлээр хамтран ажиллах судлаач, байгууллагуудыг хайж байна.
–Энэ загвар газрын доройтолд хүний болон байгалийн хүчин зүйл хэрхэн нөлөөлснийг ялгаж чадах уу?

–Үүнийг л загварын хамгийн чухал давуу талуудын нэг гэж хардаг. Бид газрын доройтлыг ерөнхийд нь яриад, шалтгааныг нь шууд ямаа, уул уурхай эсвэл хүний үйл ажиллагаанаас л болсон гэж боддог. Гэтэл байгалийн зүй тогтлоор явагддаг үйл явц мэдээж үргэлжилсээр байгаа шүү дээ.

Манай загвар эхлээд хүний оролцоогүй үеийн байгалийн нөлөөлөл, тухайн газрын суурь чадавх, боломжийг тусад нь үнэлнэ. Дараа нь хүний үйл ажиллагаа нэмэгдэхэд газар сайжирсан уу, доройтсон уу гэдгийг хэмжих зорилготой.

Ингэснээр байгалийн болон хүний нөлөөг ялгаж, хэт ерөнхий ойлголтыг задлан шинжлэх боломжтой болно.

–Судалгааны хамгийн сонирхолтой үр дүн юу байв?

–Загварыг улсын хэмжээнд төдийгүй сум, аж ахуйн нэгж, бүр нэг тариалангийн талбайн түвшинд ашиглаж болох боломж харагдсан.

Сум өөрийн нутагт чухам юу өөрчлөгдөж байгааг сумынхаа мэдээлэлд тулгуурлан хэмжих боломжтой. Малчин ч ашиглаж буй бэлчээрийнхээ төлөв байдлыг илүү тодорхой мэдэж болно.


Шалтгаанаа мэдчихвэл дараа нь юу хийх ёстой нь тодорхой болно. Тухайн газар мод тарих шаардлагатай юу, эсвэл мод тарихад тохиромжгүй юу гэдгийг тогтоож чадна. Ингэснээр үр дүнгүй газарт мод тарьж, эдийн засгийн өгөөжгүй хөрөнгө оруулалт хийхээс сэргийлнэ.


Мөн ямар төрлийн мод, олон наст ургамал тарих, газрыг ямар горимоор ашиглах зэргийг нөхцөлд нь тохируулан шийдэх боломжтой.

Одоогоор бид 30 гаруй үзүүлэлтээр хэмжих загвар боловсруулсан. Цаашдаа үүнд илүү олон үзүүлэлт нэмж болно. Тухайлбал, нарны тусгалын эрчим, чанар, тухайн газар нутагт үзүүлэх нөлөөг урт хугацааны датагаар ажиглан, хиймэл оюун ашиглан тооцох боломжтой.

–Малчдын мэдлэг, туршлагыг судалгаандаа тусгасан уу?

–Энэ удаагийн судалгаанд бусад оролцогч талыг хамруулж амжаагүй. Системийн инженерчлэлийн аргаар газрыг загварчилж болох эсэхийг эхний ээлжид туршсан. Сониуч зангаар эхэлсэн ажил маань сонирхолтой үр дүнд хүрсэн гэж хэлж болно.

Цаашдаа малчид, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага болон бусад оролцогч талтай ярилцаж, санал туршлагыг нь загварт тусгах шаардлагатай.

Бэлчээрийг малчдын л асуудал мэтээр ярих нь өрөөсгөл. Бид малын мах, сүүг хэрэглэж байгаа учраас энэ системийн оролцогч мөн.


Ер нь Монголд байтугай дэлхий дээр ч газар, бэлчээртэй хувь заяа нь холбогдоогүй нэг ч хүн, нэг ч байгууллага байхгүй. Бид бүгд энэ системийн нэг хэсэг.

Тиймээс бэлчээр хамгаалах ажил зөвхөн малчнаас эхлэхгүй. Юуны өмнө бидний сэтгэлгээ, ойлголтоос эхэлнэ гэж дахин хэлье.

Бэлчээрийн асуудлыг зөвхөн малчдад даатгачихаад, өөрсдөө хажуугаас нь шүүмжлээд суудаг цаг ард үлдэж байна.

Уг нь Үндсэн хуульд байгалийн баялаг, газар нутгийн талаарх суурь зарчмууд бий. Харин бид уншиж, ойлгохыг төдийлөн хичээдэггүй. Энэ мэдлэггүй, залхуу байдлыг улс төрийн зорилгоор ашигладаг хүмүүс олон байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.