Ч.Сумъяабазар
08 сарын 27, 2026
Монгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Исламын Бүгд Найрамдах Иран улсын төлөөлөгчид ган, газрын доройтлыг дайн, хориг арга хэмжээ, хүнсний аюулгүй байдал болон олон улсын тэгш бус байдалтай холбон тайлбарласан мэдэгдэл хийлээ.
COP17-ын хэлэлцүүлэг голчлон гангийн эрсдэлийг бууруулах, газрын нөхөн сэргээлт, санхүүжилт, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг асуудалд төвлөрч байгаа ч Ираны төлөөлөгчид илүү өргөн хүрээний геополитикийн асуудлыг хэд хэдэн удаа хөндсөн байна.
Тухайлбал, наймдугаар сарын 25-нд болсон Ган гачгийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх сайд нарын яриа хэлэлцээний үеэр Иран улс АНУ болон Израилыг Ираны хүнс, эм ханган нийлүүлэх дэд бүтэц, бэлчээрийн газруудад халдсан гэж буруутгажээ. Мөн байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс амь үрэгдсэн гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Ираны төлөөлөгчид хориг арга хэмжээ болон бүслэлт нь хүнс, эрчим хүчийг улс орнуудад хүргэхэд саад болж байна гэж үзээд, дэлхийн хүнс, эрчим хүчний хангамжийг “ноёрхогч хүчнүүдийн” (hegemonic powers) хяналтад орсон хэмээн шүүмжилжээ.
Эдгээр байр суурийг ган гачиг, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, санхүүжилт, хүнс, усны аюулгүй байдал болон олон улсын хамтын ажиллагааг хэлэлцсэн сайд нарын түвшний уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Байгаль орчны дэд сайд Реза Афлатоуни.
Байгаль орчны асуудал ч мөн хөндөгдөв
Гэхдээ Ираны оролцоо зөвхөн улс төрийн мэдэгдлээр хязгаарлагдсангүй. Тус улсын төлөөлөгчид элс, шороон шуурга, гангийн санхүүжилт, бэлчээрийн нөхөн сэргээлт зэрэг COP17-ын үндсэн асуудлаарх хэлэлцүүлгүүдэд оролцож, хуурай болон хагас хуурай бүс нутгийн байгаль орчны менежментийн туршлагаа танилцуулжээ.
Элс, шороон шуурганы асуудлаар Иран улс хил дамнан тархдаг уг үзэгдэл нь хөдөө аж ахуй, эрүүл мэнд, амьжиргаанд нөлөөлдөг тул бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн Ираны тал нэг талын хориг арга хэмжээ нь тогтвортой хөгжлийг сааруулж, байгаль орчны чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаанд саад болж байна гэж мэдэгдэж, ийм арга хэмжээг цуцлахыг уриалжээ.
Түүнчлэн Ираны төлөөлөгчид байгаль орчны асуудлыг Ойрх Дорнодын зөрчил мөргөлдөөнтэй холбон тайлбарлаж, бүс нутагт дайн үргэлжилж байгаа нөхцөлд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар асуулт тавьсан байна.
Байгаль орчны хурлын үеэр улс төрийн байр сууриа илэрхийлэв
Ираны байр суурь нь байгаль орчны бодлогын асуудлыг олон улсын улс төр, эдийн засгийн дарамттай шууд холбосноороо COP17-ын үеэр онцгой анхаарал татсан байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17-р бага хуралд 197 орны төлөөлөгч оролцож, газрын доройтол, ган, цөлжилттэй тэмцэх асуудлыг хэлэлцэж байна. Бага хурал наймдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо өндөрлөх хуваарьтай.
Иран улс харин байгаль орчны тэсвэртэй байдлыг дайн, хориг арга хэмжээ, хүнсний аюулгүй байдал болон олон улсын хамтын ажиллагаанаас салгаж авч үзэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Ингэснээр Ираны төлөөлөгчдийн мэдэгдэл нь ган, газрын доройтол бол зөвхөн байгаль орчны асуудал бус, мөргөлдөөн, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн хориг болон олон улсын хамтын ажиллагаатай нягт холбоотой асуудал гэсэн байр суурийг дэвшүүлсэн байна.
Редакцын тэмдэглэл: АНУ болон Израилын талаарх дээрх мэдэгдлүүд нь зөвхөн Ираны төлөөлөгчдийн байр суурь бөгөөд ишлэлүүдийг НҮБ-ын Web TV-гээс авсан болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.