Энэ онд урчуудын эвлэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Монгол улсын Ардын зураачид” үзэсгэлэн энэ сарын 13-ны өдөр Урчуудын эвлэлийн “Бест арт” галерейд гарах юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулагч Монгол улсын гавъяат багш, доктор, зураач, сийлбэрч Нямын Бавуужав зохион байгуулж байгаа юм. 

Манай улс 15 ардын зураачтай. Эдгээрээс Ням-Осорын Чүлтэм хөдөлмөрийн баатар цол, зураач төрийн шагнал хүртсэн байдаг байна. Анхны ардын зураач цолыг 1965 онд Үржингийн Ядамсүрэн, Очирын Цэвэгжав нар хүртэж байжээ.

Монгол улсын гавъяат багш, доктор Нямын Бавуужав эдүгээгээс хоёр жилийн өмнө Монгол улсын ардын зураач цол хүртсэн 15 алдартнуудыг хойч үедээ таниулах, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор өөрсдийнх нь нэрийн хуудас болсон сор бүтээлийг зохиомжлон хөрөг зураг туурвих ажлаа эхлүүлсэн байна.

Үүнд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын зураач Ням-Осорын Чүлтэмийн хөргийг алдарт “Талын айл” бүтээлтэй нь зохиомжлон зуржээ. Мөн Очирын Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Үржингийн Ядамсүрэнгийн “Нөхөрлөл”, Намхайцэрэнгийн “Худаг дээр”, Нямын Жамбаагийн “Эмнэг сургагч” гэх зэргээр 15 ардын зураачийн хөргийг бүтээсэн байна. 

Ирэх лхагва гаригт гаргах Монгол улсын ардын зураачид үзэсгэлэндээ өөрийн ур ухаан шингэсэн сийлбэрийн бүтээлийг дээжлэн гаргах юм байна. Дүрслэх урлаг сонирхдог хүн бүрийг “Монгол улсын ардын зураачид” үзэсгэлэнд урьж байна.