Монгол Улсын мал зүйн салбарт нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Нэг хэсэг бараг зогсонги байдалд ороод байсан Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, монгол малын үржүүлэг, биотехнологийн ажил үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах зорилгоор Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор байгуулж, нээлтийг нь хийв. Цогцолборыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22.3 га  газарт  байгуулаад байна. Цогцолбор орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр Үр үйлдвэрлэл, Азотын үйлдвэрлэл, Ээмэгний үйлдвэрлэл, Хөврөл үр шилжүүлэн суулгах, Малын генийн санг хадгалах зориулалтын байр, Сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малтэжээж бордох байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулааны станц зэрэг 14 объектоос бүрдэж байна.  

Дээрх бүтээн байгуулалтыг таван жилийн хугацаанд 17 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр барьж байгуулаад байна. Тус төвд80 гаруй хүн ажиллах бөгөөд 120 айлынорон сууцыг мөн талбайд  2019 онд барих юм. 

Уг цогцолборын нээлтийн ажиллагаанд ирсэн албаны хүмүүсээс гадна нас ахисан мал зүйч мэргэжилтнүүдийн сэтгэлд нар гийсэн өдөр байлаа. Мал аж ахуйн орон гэгдэх Монгол Улсын хувьд бэлчээрийн даац, малын чанар зэрэгт анхаарахын тулд малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор үүлдэр угсааг сайжруулах,монгол малын генфондыг хадгалж хамгаалах асуудал тулгамдаад байгаа билээ. 

Манай оронд анх 1958 онд Зохиомол хээлтүүлгийн станц байгуулагдаж, улмаар орон даяар нийт 36 салбар нэгж байгуулж, мал үржүүлгийн оргил хөгжлийн он жилүүдэд жилдээ нэг сая хонь, 80 мянган үнээ, 40 мянган ямаанд сайн үүлдэр, омгийн малын хөлдүү үрээр зохиомол хээлтүүлэг хийж үүлдрийг нь сайжруулж байсан тухай ахмад мал зүйчид онцолж байлаа. Мөн тэдний төлөөлөл шинэ төвийн талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Үр үйлдвэрлэх цех, эцэг мал байрлуулах хашаа, зохиомол хээлтүүлгийн иж бүрэн лаборатори гээд цогц байдлаар шийдсэн нь маш сайхан байна. Мөн техник тоног төхөөрөмжийн хувьд ч Францын Герман улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Одоо гагцхүү энэ олон обектод ажиллах боловсон хүчин, техник тоног төхөөрөмжөө ажиллуулж эзэмших инженер техникийн ажилтнуудыг цаг алдахгүй бэлтгэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн өгүүлж байлаа. 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат “Малын генетик нөөцийн тухай хууль,  Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан малын тоог чанарт шилжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, генетик нөөцийг хамгаалах үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, шинэ үүлдэр омог бий болгох, орон нутгийн мал үржлийн ажлыг чадавхжуулах хүрээнд энэ том цогцолборыг байгуулж байна. Уг төвийг газар тариалан-эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болох Төв, Дархан, Сэлэнгэ зэрэг аймагт ойрхон байлгахыг зорьсон. Баруун, зүүн аймгаас ирж үйлчилгээ авах хүмүүст ч холдохгүй гэж бодож байна. Энэ нь малын үржил селекцийн цогцолбор төв учраас” хэмээн онцлов.

Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд өнөөдрийн байдлаар дөрвөнүүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, найман үүлдрийн бухны 37086 тун нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун  үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удам зүйг  түгээж байгаа аж. Тухайлбал, Засгийн газраас "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил”-ын хүрээнд өндөр ашиг шимт махны болон сүүний чиглэлийн абердин-ангус, симменталь, хар тарлан, алатау үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу нийлүүлжээ. 2017 онд тус төв нийт 3033 мал хээлтүүлсэн бол 2018 онд энэ тоог 55 хувиар нэмэгдүүлэн, хээл авалтыг найман  хувиар дээшлүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд бод, бог малын 17839 тун үр үйлдвэрлэсэн бол энэ онд 28000 тун үр үйлдвэрлэж, цаашид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортлох зорилт тавьжээ. 

Төвийн үйл ажиллагаатай танилцах явцад хээлтүүлгийн техникчид сайн үүлдрийн бухнаас үр авах, нарийн нарийвтар ноост “орхон”,  “ерөө”, махны чиглэлийн “баяд” үүдрийн хонь, АНУ-аас импортолж, үржүүлж байгаа мах-ноосны чиглэлийн “суффолк” үүлдрийн хонины онцлог, давуу талыг сонирхуулсан юм. 

Цаашид тус цогцолборт монгол малын гайхамшиг, давуу талыг гадаад, дотоодын жуулчдад танилцуулах, хүүхэд, залуучуудад уламжлалт мал аж ахуйн арга ухааныг өвлүүлэх, таван хошуу малаа хайрлан, хамгаалах хандлага бий болгох зорилготой олон нийтэд чиглэсэн арга хэмжээг ч тогтмол зохион байгуулахыг зорьж байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Барилга байгууламжийг ашиглалтад авах сайхан. Цаашид төвийн үйл ажиллагаатай холбоотой гарах зардал мөнгийг  хэрхэн шийдэх  вэ гэдэг тулгамдсан асуудал байх болно. Алдагдалтай байсан ч төрийн зүгээс энэ цогоцолборыг дэмжих ёстой” гэв. 


И.Отгон