Бид хүүхэд, гэр бүлд зориулсан “Уурлах уу, учирлах уу” зорилтот төслийг эхлүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд эцэг эхчүүдэд, гэр бүлд хэрэгтэй, хүүхэд хүмүүжилд холбогдох чухал сэдвийг онцлон хүргэх болно.

Энэ удаагийн дугаарт хувь хүний дасгалжуулагч, Шинэ Монгол сургуулийн сургалт, судалгааны мэргэжилтэн Д.Отгонтуяаг урилаа. Тэрбээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа заавал мэдэж байх ёстой чухал зөвлөгөөг манай уншигчдад өгсөн юм. 


Хүмүүжил тааруу бас сурлагадаа муу...Хэний буруу вэ?


Хүн бүхэн үр хүүхдээ эрдэм боловсролтой, сайн хүн болгох алсын зорилготой. Гэвч эцэг эхчүүд энэ зорилгоо умартаж, ажлын ачаалалдаа түүртэж, үр хүүхдэдээ цаг заваа төдийлөн гаргаж чаддаггүй.  Тэр хэрээрээ хүүхэдтэйгээ хэрхэн харилцах учраа олдоггүй.

Нэг л өдөр анзаарсан мэт “энэ хүүхэд болохоо байжээ, сурлага нь тааруу болж, харилцаа хандлага нь ч нэг л биш”  гэж гомдоллодог. Хүүхдээ ч буруутгаж, асуудлын шалтгааныг хайж эхэлнэ. Гэхдээ ихэнх тохиолдолд хүүхэд биш эцэг эх таны буруу байдгийг бүү мартаарай.

Учир нь муу хүүхэд гэж байдаггүй. Гагцхүү сурах арга барилаа олоогүй, хүүхдээ зөв ойлгож харилцаагүйд учир бий. Үүнийг дээр л аав, ээжүүдийн оролцоо, дэмжлэг хамгийн чухал. Хүүхдийнхээ онцлогийг мэдэрч, хүндэтгэлтэй харилцана гэдэг эцэг, эхчүүдийн зайлшгүй сурах ёстой чадваруудын нэг юм. 

Томчуудын гаргадаг нийтлэг алдаа нь “Хэтэрхий балчир юм чинь юм хэлээд ойлгохгүй” эсвэл “Өсвөр насанд хүрсэн юм чинь хүнээр хэлүүлэлтгүй өөрөө ойлгочихно” гэж эндүүрдэг. Үнэндээ хүүхэд бол хүүхэд. Хэдэн ч настай бай хүүхдэдээ аливаа зүйлийг тайлбарлаж, ярилцах нь маш зөв арга юм. Хэчнээн завгүй байсан ч нас насных нь онцлогт тааруулж, аливааг зөв ойлгуулж, элэгсэг дотно сэтгэлээр харилцах хэрэгтэй. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг хуваалцаж, халуун дотно харилцаа үүсгэж, дотны найз нь байхыг хичээгээрэй. 


Хайр халамжаа харамгүй зориулаарай


Хүүхэд насанд хайрлуулах хэрэгцээ хамгийн их бий. Хүүхдийнхээ зурсан зургийг магтаж, асуусан асуултад нь төвөгшөөлгүй хариулах нь хэдий жижиг үйлдэл мэт боловч хүүхдийн хувьд төсөөлшгүй их хайрыг мэдрүүлдэг юм. Тиймээс хүүхэдтэйгээ ярихдаа нүд рүү нь харж байгаарай. 

Европт аав, ээжтэйгээ хамт унтдаг хүүхэд хорт хавдраар өвчлөх магадлал буурдаг гэх сонирхолтой судалгаа ч байдаг ажээ. Учир нь хүрэлцэх мэдрэхүйгээр дамжуулж хүүхэд өөртэй итгэлтэй байдлыг олж авдаг байх нь. Тиймээс эцэг эхчүүд боломж гарах бүрд  хүүхдээ  үнсэж, эрхлүүлж, хамт унтаж байгаарай.


Хүүхдийнхээ учрыг олохоо байлаа...


Хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байна гэж цөөнгүй эцэг эхчүүд ярьдаг. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй ээж аавуудын хувьд энэ бол асуудал. Нэгэнт ийм асуудал гарсан л бол эхлээд та хүүхэдтэйгээ ойлголцохын тулд яг ямар алхам хийсэн бэ гэдгээ сайтар бодоорой. 

Ойлголцох алхам энгийн зүйлээс эхэлдэг. Магадгүй таны хүүхэд шалгалтаа тааруу өгсөн бол уурлаж уцаарлах хэрэггүй.  Үүний оронд “Надад ч гэсэн хичээлээ ойлгохгүй үе байсан шүү” гэдгээ хэлж, энгийн байдлаар харилцан ярилцахыг хичээгээрэй. Хичээл, найзуудынх нь талаар ерөнхий асуулт биш илүү дэлгэрүүлж асууж сураарай

Хүүхдэдээ зориулаад өдөрт чанартай 30-хан минутыг  бүрэн зарцуулж болно шүү дээ. Нас, сэтгэхүйн онцлогт тохирсон яриа өрнүүлж, хамтдаа зураг зурж, тоглоом тоглож, дуртай хоолыг нь хамт хийж, харилцан ярилцаарай. Хүүхдэдээ анхаарал хандуулах чанартай хугацааны үед зурагт, гар утас болон бусад цахилгаан хэрэгслээс аль болох татгалзаарай.  

Иймэрхүү харилцааны тусламжтайгаар аав, ээж хүүхдийн хооронд харилцан итгэлцэл үүсдэг.

Нэг үеэ бодвол хүүхдийг зөв хүмүүжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл баялаг болжээ. Тиймээс хэрэгтэй мэдээллээ, зөв эх сурвалжаас авч амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. 

Бичлэг үзэх:

Хүүхдээ сургууль, багшид нь даатгаад орхидог юм биш биз?


Эцэг эхчүүд хүүхдээ сургууль, анги удирдсан багшид нь даатгаад орхидог нь хамгийн буруу хандлага юм. Уг нь хүүхэд,  сургууль, эцэг эхийн гэсэн гурван оролцоо нийлснээр хүүхдийн хүмүүжил зөв тавигдана.

Сүүлийн жилүүдэд хичээлийн хоцрогдолтой сурагчидтай түлхүү ажиллаж байна. Тэдний онцлогийг мэдэрч, бие болоод насанд нь тохирсон аргаар хичээлийг нь давтуулдаг юм. Хамгийн сүүлд есдүгээр ангийн охинтой ажиллалаа. Хичээлийн дүнгүүд нь бүгд сайн ч үнэн хэрэгтээ тэр охин гуравдугаар ангийн бодлого ч бодож чадахгүй байсан. Энэ мэтчилэн эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг хичээлийн дүнгээр дүгнэх нь өрөөсгөл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.


Эцэг эх та өөрөө гар утсаа байнга оролдож суудаг юм биш биз дээ


✔ Гар утасны хамааралтай томчууд зөндөө бий. Нүдээ нээн нойрмоглох хүүхэдтэйгээ мэндлэхийн оронд сошиал хаягаа шалгаж суудаг юм биш биз? Мэдээж ажил амьдралын чухал хэрэглээ байлаа ч ухаалаг утасны зохистой хэрэглээ гэж бий.

Өөрсдөө ухаалаг утсанд донтсон хирнээ хүүхдээ гар утас барилаа, удаан харлаа гэж үглэдэг эцэг эх олон. Хүүхдээ нэгэнт дэлгэцийн хамааралтай болсон хойно хор холбогдлыг нь ойлгуулах гэж “үйл тамаа” үзэж байна. 

Хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг гярхай гэгч нь ажиглаж байдаг сониуч ертөнц билээ. Тэдэнд та үглэхээс илүү үлгэрлэж үзүүлбэл өөдрөг үр дүнг харах болно. Тэгэхээр та хүүхдэдээ юу заахад бус үлгэрлэж үзүүлэхэд илүү анхаарна гэсэн үг.

Гэхдээ ухаалаг утасны хэрэглээг бүхэлд нь хязгаарлах нь тийм ч үр дүнтэй арга биш. Нас, насны онцлогт нь тохируулж, тодорхой хугацаанд хэрэглэхийг зөвшөөрөөрэй.Учир нь хүүхдийн хичээл, сургууль цахимаар явагдаж байгаа тул техник технологитой харьцах суурь мэдлэг хүүхдэд хэзээд хэрэгтэй. 

✔Томчууд өөрсдөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж шахах нь утгагүй. Хэрвээ та хажууд нь ном уншдаг бол, багад нь ном уншиж өгдөг байсан бол хүүхэд уншиж сураад таныг л дуурайна.Эцэг эх нь ном унших дуртай бол хүүхэд нь сайн уншигч болдог батлагдсан зүйл.

Эрдэмтдийн судалгаагаар номоос мэдээллээ авдаг, гар утаснаас мэдээллээ авдаг хүүхдийн тархи асар ялгаатай нь батлагджээ. Ном уншдаг хүүхдийн тархины эд эс хоорондоо сайн холбогдож, бэхлэгдсэн байдаг аж. Харин  өдөржин дэлгэц үзэж суудаг хүүхдийн тархины мэдрэлийн эсүүд маш хэврэг холбогдсон эсвэл хоорондын холбоос салсан, тасарсан талаар судалгаанд дурджээ. 

Бүтэн бичлэг үзэх: 


Улаан цамцаа өмсөх үү, ногоон өмдөө өмсөх үү?


Бид амьдралдаа маш олон сонголт хийдэг. Амьдрал өөрөө сонголтуудын нийлбэр билээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ зөв сонголт хийх чадварыг багаас нь эзэмшүүлэх хэрэгтэй байдаг. 

✔ Тухайлбал, хоёр номоос алийг нь сонгон уншихыг асуугаарай.

Өглөө сургууль цэцэрлэгтээ ямар хувцас өмсөхөөс нь эхлээд хүүхдээсээ асуу, санал бодлыг нь хүндэтгэ. Хүн бие дааж сонголт хийх чадвартай байна гэдэг насан туршид дагах чадвар юм. 


Удахгүй эхлэл хичээлийн шинэ жилд эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн бэлдэх ёстой вэ, та зөвлөөч? 


Хоцрогдол гэхээсээ илүү өмнө нь сурч байсан зүйлсээ сэргээн, санах шаардлага бий. Хичээл удахгүй эхлэх гэж байгаа учраас эцэг, эхчүүд өмнө нь хүүхдээ өдөр өдрөөр дасгавал зүгээр. Өмнө нь орсон хичээлийг нь сэргээх, тархинд сануулах хэрэгтэй гэсэн үг юм. 

Учир нь хүний тархи аль хэдийн мэдсэн мэдээлэлдээ сэргэг ханддаг юм. Шинэ мэдээлэл хүлээж авахдаа хойрго байдаг. Тиймээс тархи хэвийн байдалдаа орох хугацаа шаардагдана гэдгийг тооцоолох нь зүйтэй.  

Жишээ нь хүүхдэд зориулсан видео хичээлүүд, контентууд хүүхдэдээ үзүүлж, тархийг нь дасгаарай гэж зөвлөе. Амарсан тархийг буцаад идэвхтэй ажиллуулахад бэлдэж байна гэсэн үг.