Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор Ш.Батсүхтэй хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг эхчүүд хэрхэн нөлөөлж, туслах талаар ярилцсанаа хүргэж байна.

Сайн эцэг эх байна гэдэг хүнд хэцүү даалгавар биш

Эцэг эх байна гэдэг хүнд хэцүү зүйл биш юм. Ердөө л өдөр тутамдаа хүүхдэдээ үйлдлээрээ үлгэрлэх асуудал юм. 

Тухайлбал гар утсаа шагайж суухын оронд хүүхэдтэйгээ харилцахаас л хүмүүжлийн арга барил эхэлнэ. Хүүхэдтэйгээ харилцаж, ярилцахгүй байх тусам хүүхэд дуугаа хураадаг, яваандаа эцэг эхтэйгээ харилцахаа больчихдог. 

Манайхан гэр бүлээрээ хамтдаа байгаа хэрнээ хүүхдэдээ чанартай цаг төдийлөн гаргадаггүй. Гэр бүлийн гишүүн бүр гар утсаа шагайгаад суучихдаг тал бий.

Зарим эцэг эхчүүд өөрсдөө гар утасны хамааралтай хэрнээ хүүхдээ “Яасан их компьютер тоглодог юм” гэж зэмлэдэг. Үүний оронд хүүхэдтэйгээ сонирхолтой зүйл хий, агаарт гарч, цагийг зугаатай өнгөрүүлж, дурсамж үлдээгээрй. Иймэрхүү байдлаар хүүхдийг цахим хэрэглээнээс хөндийрүүлж болно.


Хамгийн гол нь ярилц, ярилцахад цаг гарга

Хүүхэдтэйгээ ярилцах нь хамгийн чухал хүмүүжлийн арга хэлбэрийн нэг юм. 

Хүүхэдтэйгээ өдөр бүр цаг зав гарган ярилцаад үзвэл үр дүнг нь та анзаарна.

Хэрвээ та хэрхэн юуны талаар ярилцахаа мэдэхгүй байгаа бол сургууль дээр юу болсон талаар, сонирхолтой зүйл юу байсныг, ямар асуудал тулгарсныг лавлаарай. Хамгийн гол нь та хүүхдээ анхааралтайгаар төвлөрч сонсоорой. Ойлгож байгаагаа ч үг хэлээрээ биеийн хэлэмжээрээ ч илэрхийлэх нь чухал. Ингэснээр хүүхэд эцэг эхтэйгээ төдийгүй бусадтай нээлттэй харилцаж сурдаг.

Ямар ч завгүй байлаа ч оройн хоолоо хамтдаа идэх цаг гаргахын ач тус их. Энэ бол эцэг эх, ах эгч нартайгаа нэг ширээнд суугаад ярилцах, өөрийгөө илэрхийлээд ярьж сурах чухал цаг байдаг. Энэ хэрээрээ суурь хүмүүжил тавигдана.

Хүүхэд 3 нас хүрэхэд ямар хүн болох нь суурь нь тавигдчихдаг. 6 нас хүрэхэд бие хүний ерөнхий хандлага тогтчихдог. 12 нас хүрэхэд үндсэндээ хэн болох нь тодорхой болчихдог. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд аль болох эртнээс анхаарах ёстой.