ШУТИС-д байгуулагдсан Нээлттэй боловсролын төв “Нээлттэй боловсрол 4.0” буюу монгол хэл дээр боловсруулсан анхны нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг танилцууллаа.

Нээлттэй боловсрол бол хүмүүс мэдлэгийг хамтран бүтээж, хоорондоо чөлөөтэй солилцож улмаар мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох арга замын тухай философи юм. Мэдлэгээ хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй солилцох явдал бол Нээлттэй боловсролын хамгийн гол онцлог шинж гэж ойлгож болно.

Багш төдийгүй багш оюутан, сурагчид өөрсдийн мэдлэгийг харилцан солилцож шинэ мэдлэгийг бүтээх, өөрийн мэдлэгээ бататгах замаар боловсрол эзэмших цоо шинэ арга барил болох Нээлттэй боловсрол нь манай орны боловсролын салбарын бүх шатанд шинэ боломж нээж байгааг оролцогчид онцоллоо. 

Техник технологи хурдтай хөгжиж байгаа өнөө үед боловсролын салбарт парадигмийн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Тэгвэл энэ ойлголтыг хүн бүрд ойлгуулахын тулд Нээлттэй боловсролын төвөөс сургалтын нээлттэй эх материал, нээлттэй сурах бичиг, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг бэлтгэжээ. 

Тэдний танилцуулж буй арга ухаан нь багшийн үйл ажиллагааг уламжлалт хичээл заах хэлбэрээс сурах үйл ажиллагааны дизайнер болгон өөрчлөх нөхцөл бүрдүүлэх юм байна.

Монгол хэл дээр боловсруулсан анхны нээлттэй хичээлийг судалж үзсэнээр нээлттэй боловсролын талаар ойлголт авч, сургалтын эх материал хэрхэн зохиох, зохиогчийн эрхийн шинэ зохицуулалт, суралцах үйл ажиллагааны загварыг хэрхэн зохиох, улмаар нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл хэрхэн бүтээх талаар мэдлэг ур чадвар олж авах боломжтой юм.