Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 04, 2021
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” арга хэмжээг энэ долоо хоногт зохиож байгаа билээ.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр нийслэл, хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгийн багш нар тогтвортой боловсрол олгохоор хэрэгжүүлсэн өөрсдийн арга барил туршлагаас хувааллаа. Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролын талаар сэдэв оруулах, байгалийн ухааны хичээлээр аргалын ач тусыг таньж мэдүүлэх, ан амьтдын тухай мэдээлэх гээд олон шинэ санаачлага гаргасан байлаа.
Үүний нэг жишээ нь Баянхонгор аймгийн I цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд усаа хамгаалах хайрлахыг уриалан гаргасан "Дусалхүү мазаалайд тусалсан нь" комик ном юм. Зурагт номоор дамжуулж бага насны хүүхдүүдэд сургах нь үр дүнтэй аргуудын нэг гэнэ. Энэ талаар I цэцэрлэгийн арга зүйч Д.Сарантунгалаг:
"Мазаалай нь Монголд л байдаг нэн ховордож буй амьтан. Комик номондоо мазаалайг танилцуулахын зэрэгцээ хүүхдүүдэд байгаль орчноо хамгаалах арга зам, ашиг тусыг тайлбарлахаар зорьж бүтээсэн. Уг номыг хүүхдүүдэд уншиж өгч, төрсөн сэтгэгдэл санаа бодлыг нь сонсож ярилцснаар юмны учир шалтгааныг олох, яагаад гэдэг асуултыг тавьж сурдаг. Номны үйл явдлыг үргэлжлүүлэн зохиолгож, зураг зуруулах зэрэг арга барилаар ажиллаж байна. Энэ нь хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэхэд ихээхэн тустай.Цаашдаа уг зурагт номыг олшруулж 1 дүгээр ангийн сурагчдын гарын авлага болгож, бие даан ажиллуулах боломж бий." гэж ярьсан юм.
Комик номыг энд дарж уншина уу.
Дашрамд дурдахад олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд мазаалайн тоо толгой сүүлийн хагас зуун жилд 50-с хэтрээгүй байгаа гэнэ.
1960-аад оноос Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг судалж, тоолж ирсэн түүхтэй.1967 онд Академич А.Болд нарын хүмүүс Мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25 толгой мазаалай байсан гэж дүгнэсэн байдаг. Үүнээс хойш маш олон эрдэмтэд судалгаа хийсэн ч тоо толгой нь 50-с хэтэрсэн гэх баримт одоогоор байхгүй байна.
Хамгийн сүүлд 2018 онд профессор Р.Самьяа, Н.Баттогтох нарын судалгааны баг автомат камер ашиглан 36 Мазаалайг шинж тэмдгээр нь баттай ялган тогтоож чаджээ.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.